Энэтхэгт өдөрт нас барсан хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-10 16:34:03

НЬЮ-ДЕЛИ. /TASS/. Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусээр халдварласан хүний тоо 94 052-оор нэмэгдэж, 29.1 сая гаруйд хүрчээ.


Тус улсын Эрүүл мэнд, гэр бүлийн сайн сайхан аж байдлын яамны цахим хуудсанд мэдээлснээр, халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо өдөрт 6184-өөр нэмэгдэж, 359 676-д хүрсэн байна. Өвчний хүндрэлийн улмаас өдөрт нас барсан тохиолдлын тоо Энэтхэгт цар тахал дэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өмнө нь 5 дугаар сарын 19-нд хамгийн их буюу 4529 тохиолдол бүртгэгдсэн аж.


Халдварын тохиолдол болон нас баралтын тоог эрх баригчид зарим тохиолдолд нуун дарагдуулж байна гэж сөрөг хүчин болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлээд байна.


Энэтхэгийн Эрүүл мэндийн яам гурав дахь өдрөө дараалан халдварын 100 мянгад хүрэхгүй тохиолдол бүртгэжээ. Үүнээс өмнө халдварын тохиолдлын тоо 100 мянгыг тогтмол давж байсан аж. Тодруулбал, 5 дугаар сарын 7-нд хамгийн их буюу 414 188 тохиолдол бүртгэгджээ.

Холбоотой мэдээ