"Ургана ноос" ХХК-ийн бүтээгдэхүүнүүдийг Улаанбаатар хотод борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-11 17:25:57

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн “Ургана ноос” цех өөрийн бүтээгдэхүүнүүдээ Улаанбаатар хотод худалдаалдаг болж, "Evone" брэндтэй хамтран ажиллахаар шалгарчээ.  

-“Бид ганцаараа хөгждөггүй, бид орон нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэйгээ, тэр тусмаа Улаанбаатар хотоос 1000-1700 км-т бизнесээ эрхлэн суугаа эмэгтэйчүүдтэйгээ хамтдаа хөгждөг. Энэ удаа 2018 оны 1-р сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн Завхан аймгийн С.Лхагвасүрэн захиралтай “Ургана ноос” ХХК-ийг 21 аймгаас сонгон шалгаруулж, гараар урласан эсгий углаашуудыг нь дэлгүүрээрээ дамжуулан худалдаалж эхэллээ.

Энэ цехэд 4-5 эмэгтэй ажилладаг бөгөөд цаашид энэ цехийн хийж буй бүтээгдэхүүний загвар хийц, өнгө төрхийг сайжруулах. Бүтээгдэхүүний төрөл зүйлийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөөр хангах. Гадагшаа экспорт хийхэд нь туслалцаа үзүүлэх замаар алслагдсан орон нутгийн эмэгтэйчүүдийг ажилтай, орлоготой байлгах боломжийг бүрдүүлнэ” гэж "Evone" брэнд цахим хуудастаа мэдээлжээ.


Нэг бүтээгдэхүүний ард орон нутгийн таван эмэгтэйн хөдөлмөр шингэдэг

"Evone" брэнд нь 925 сорьцтой мөнгөн гоёл, үнэт эдлэл, арьсан бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж худалдан борлуулдаг.

Ялангуяа Монголд жижиг, дунд үйлдвэрлэл явуулдаг. Гар урлалын бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд сурталчлах. Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж, сурталчилгаа мэдээлэл, борлуулалтын тал дээр хамтран ажилладаг байгууллага ажээ. Тиймээс алс баруун хязгаарт үйлдвэрлэл явуулж буй эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн болох "Ургана" брэндийг олон нийтэд сурталчлах, борлуулах ажилд нь дэмжлэг үзүүлж ажиллажээ.

"Evone" брэндийн дэлгүүрийн пэйж хуудсаас хөлд эвтэйхэн, монгол хонины ноосоор хийсэн. Чийг татахгүй, дааруулахгүй, халууцуулахгүй, хоёр давхар резинэн уллагаатай углаашийг өнгө, размерын сонголттойгоор худалдаалж буй мэдээллийг үзэж болох юм. Орон нутгийн нэг эмэгтэйн ард таван хүний амьжиргааг дэмждэг. Тиймээс цар тахлын үед та хаанаас ч цаг хугацаа харгалзахгүйгээр пэйж хуудсаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч худалдан авалтаа хийн, хүргүүлж авах боломжтой гэж "Evone" брэндээс мэдээлэв. Ташрамд, "Ургана" брэндийн углаашуудыг 55-69 мянган төгрөгөөр борлуулж байна. Худалдан авалт сайн төдийгүй эрэлт ихтэй байгаа тус бүтээгдэхүүнүүдийг гадаад, дотоодын олон хэрэглэгч таалаад буй. Бид цар тахлын хүнд нөхцөлд боломждоо тулгуурлан шинэчлэлт сайжруулалтыг байнга хийж байгаа гэж "Ургана ноос" ХХК-аас нэмж дуулгав.




Холбоотой мэдээ