Москвад шинээр хязгаарлалтууд тогтоов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын нийслэл Москва хотын дарга Сергей Собянин одоо хэрэгжиж буй хязгаарлалтыг зургаадугаар сарын 29-нийг хүртэл сунгаж, шинээр хязгаарлалтууд тогтоож байгааг мэдэгджээ.
Хүүхдийн тоглоомын талбай, тоглоомын газруудыг дахин 10 хоног хаах бөгөөд нээх эсэх шийдвэрийг халдварын нөхцөл байдлаас шалтгаалан гаргана. Үзвэрийн газруудын үзэгчдийн тоог 1000 хүнээр хязгаарлажээ. Мөн хөгжөөн дэмжигчдэд зориулсан бүсүүд, бүжгийн талбайг хаахаар болсон байна. Долоодугаар сараас эхлэн цагаачдыг “Спутник Лайт” вакцинд хамруулж эхэлнэ.
Түүнчлэн Оросын нийслэлд “ковидгүй” зоогийн газрууд туршилтыг эхлүүлнэ. “Зоогийн газрууд ковидоос ангид газруудад нийтийн хоолны үйлчилгээ зохион байгуулахыг санал болгосон. Маргаашнаас бид ийм туршилтыг эхлүүлнэ” гэж хотын дарга блогтоо бичжээ.
Эдгээр нь бүх ажилтан, үйлчлүүлэгчид нь коронавирусний вакцин хийлгэчихсэн газрууд байх бөгөөд QR-кодоор хянах аж. Хүүхдүүдийн хувьд зөвхөн томчуудтай хамт оруулахаар шийджээ.
Театр, кино театруудыг үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон байна.