Токиогийн Олимпын наадамд анх удаа трансжендер тамирчин оролцохоор боллоо

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2021-06-21 13:53:07

ВЕЛЛИНГТОН. /RT/. Шинэ Зеландын хүндийн өргөлтийн тамирчин Лорел Хаббард зуны Олимпын наадамд оролцсон анхны трансжендер тамирчин болохоор боллоо.


Өдгөө 43 настай Хаббардыг Японы нийслэл Токио хотноо удахгүй болох зуны Олимпын наадамд оролцох Шинэ Зеландын хүндийн өргөлтийн багийн бүрэлдэхүүнд оруулсныг тус улсын Үндэсний олимпын хороо өнөөдөр мэдээлжээ.


Токиогийн Олимпын наадамд оролцох тус улсын хүндийн өргөлтийн багт таван тамирчин сонгогдсоны гурав нь эмэгтэй хоёр нь эрэгтэй тамирчид байна. Эдгээр тамирчин Олимпын наадамд анх удаа оролцох аж.


Хаббард 35 нас хүрэхээсээ өмнө Гэвин гэдэг нэртэй эрэгтэй хүн байсан бөгөөд олон улсын тэмцээнд оролцож байгаагүй аж. Тэрбээр 2012 онд хүйсээ солиулж эмэгтэй болсныхоо дараа 2017 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 90 кг-аас дээш жинд мөнгөн медаль хүртэж, 2020 оны Дэлхийн цомд түрүүлж байжээ.


2016 оны нэгдүгээр сард Олон улсын олимпын хорооны эрүүл мэндийн хороо хүйсээ солиулах мэс засал хийлгээгүй байсан ч трансжендер тамирчдыг Олимпын наадамд оролцохыг зөвшөөрчээ. Өмнө нь хүйсээ солиулсан тамирчдад дор хаяж хоёр жилийн хугацаанд дааврын эмчилгээ хийлгэсний дараа тэмцээнд оролцох эрх олгодог байжээ.


Холбоотой мэдээ