БНХАУ хүн төрөлхтний түүхэнд урьд хожид үзэгдээгүй гайхамшигт амжилтуудыг гаргасан гэв

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-06-24 11:54:37

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Коммунист Нам /ХКН/ байгуулагдсаны 100 жилийн ой 2021 онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан Италийн Ерөнхий сайд асан Массимо Д'Алема БНХАУ-ын төрийн мэдлийн “Xinhua” мэдээллийн агентлагт ярилцлага өгөх үеэрээ ХКН-ын удирдлага дорх Хятадын улсын гаргасан ололт амжилтууд, хөгжил дэвшлийг магтан сайшаасан байна.


Италийн зүүний төвч үзэлт, нөлөө бүхий улс төрчдийн нэг Д'Алема хэлэхдээ “Хятад улс орчин үеийн хөгжил дэвшлийн онцгой үсрэлт хийлээ. Энэ бол яахын аргагүй ХКН-ын түүхэн аугаа гавьяа юм" гэжээ.


Хятад улс ядууралтай тэмцэхэд ихээхэн ололт амжилт гаргасныг тэрбээр мөн онцлон тэмдэглээд “Хүн төрөлхтний түүхэнд ард түмний аж амьдралыг дээшлүүлсэн ийм том өөрчлөлтийг өөр ямар ч улс, хэн ч, хэзээ ч хийж чадаагүй" гэсэн байна.


Ярилцлагын үеэр тэрбээр Дорнод болон Өрнөдийн улс орнууд хоорондын улс төрийн яриа хэлэлцээний өнөөгийн байдалд санаа зовниж буйгаа илэрхийлээд “Цар тахал болон тахлын дараах асуудлууд ... Энэ бүхнийг шийдвэрлэхэд олон улсын нягт хамтын ажиллагаа хэрэгтэй. Олон улсын хамтын ажиллагаанд ‘чанарын үсрэлт’ хийх хэрэгтэй байна” гэж цохон тэмдэглэжээ.


Түүний хэлсэнчлэн, өнөөдрийн том асуудал бол нийтлэг сорилтуудыг хамгийн үр дүнтэйгээр даван туулахын тулд янз бүрийн тогтолцооны хооронд энх тайван зэрэгцэн орших нөхцлийг хэрхэн яаж бүрдүүлэх вэ гэдэг л асуудал юм.

Холбоотой мэдээ