Анхны болон 6 дахь Ерөнхийлөгчийн ижил талууд

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-06-28 14:23:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолын ажиллагаа баасан гариг (2021-6-25)-т болсон юм. Төрийн тэргүүний тангараг өргөх ёслолын ажиллагаа төрийн ордны их Монгол танхимд болж, төрийн албаны болон иргэдийн төлөөлөл 350 орчим хүн оролцсон талаар хэвлэл мэдээллээр мэдээлж байна.


Ерөнхийлөгчийг эв нэгдлийг илэрхийлэгч, төрийн тэргүүн гэж үздэг. Улс төрийн намын харьяаллаас татгалздаг. Ерөнхийлөгчийн инстуци  Үндсэн Хуулиар бий болсон гэж үзэх боломжтой. Анхны Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс 1993 онд сонгож байжээ. Түүнээс хойш Ерөнхийлөгчийн сонгууль 8 удаа болж, 6 дахь төрийн тэргүүнээ монголчууд сонгоод байна.


Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол тусгайлсан журам, дэг жаягийн дагуу явж иржээ. Энэ удаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаа тэр жишгийг дагахын зэрэгцээ зарим нэг өөрчлөлт орсон байна. Тангараг өргөх ёслол үйлдэх шинэ сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий (тэргүүн хадагтай) Л.Болорцэцэгийн хамт 11:30 цагт автомашинаар Сүхбаатарын талбайд зассан тавцангийн дэргэд  хүрэлцэн ирсэн байна. Тэднийг Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг удирдах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга Т. Аюурсайхан, албаны бусад хүн угтан авч улаан хивсэн дээгүүр даган явж  Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа  төрийн ордонд оруулсан юм. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол үйлдэх эрхмийг гэргийн хамт Сүхбаатарын талбайд угтаж байсан тохиолдол үүнээс өмнө  байгаагүй юм байна. “Сүхбаатарын талбайд болсон энэ үйл явдал шинэ зүйл байлаа” гэж Төрийн ёслолын албаны анхны дарга асан, Онц бөгөөд Бүрэн эрхт, Элчин сайд ахмад дипломатч Ч.Батжаргал тэмдэглэн хэлжээ. Ёслолын ажиллагаа шинэ үйл явдлаар баяжиж байдгийн нэг жишээ энэ бололтой.




“Ардын төрийн тэргүүн, БНМАУ-ын тусгаар тогтнол, Монголын ард түмний эв нэгдлийн баталгаа” болсон БНМАУ-ын Ерөнхийлөгчийг Ардын Их Хурал (АИХ)-аас нууц санал хураалтаар сонгож байхаар тухайн үе (1990 он)-ийн Үндсэн  Хуулийн нэмэлтийн дагуу АИХ-ын анхдугаар чуулганы 1990 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар П. Очирбатыг БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр сонгож байжээ. Тэрбээр 1990 оны 6 дугаар сарын  4-ний өдөр нь тангараг өргөн анхны бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн ажээ (1992 оны шинэ Үндсэн хуулийн дагуу 1993 онд бүх ард түмнээс сонгогдсон) .


Ерөнхийлөгчийн албан тушаал бий болгох, тухайн үе (1990 он)-ийн Сайд нарын Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагаанд гарах өөрчлөлтийн эрх зүйн эх үндэслэлийг тодорхойлохыг тэр үе (1990 он)-ийн Үндсэн Хуулийн нэмэлтийн тухай хуулиар зорьжээ. Гэтэл хуулийн төсөл (тухайн үед 1990 он)-ийг  ард нийтээр  хэлэлцүүлэх явцад Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүний үүргийг гүйцэтгэх тухай санал цөөнгүй ирж байжээ. Гэвч улс орны түүхэн хөгжил, онцлог, эдийн засгийн байдал зэргийг харгалзан үзээд энэ хоёр албан тушаалыг тусад нь байхаар  Үндсэн Хуулийн нэмэлт (1990 он)-ийн тухай хуульд тусгажээ. 


Мөн Сайд нарын Зөвлөлийн даргыг “Ерөнхий сайд” гэж нэрлэх санал тухайн хуулийн төсөлд оржээ. Энэ саналыг үндэслээд Үндсэн Хуулийн нэмэлтийн тухай хуульд “БНМАУ-ын Засгийн газар нь төрийн гүйцэтгэн захирамжлах дээд байгууллага мөн” гэсэн заалт орсон байх юм. АИХ-ын 1990 оны 9 дүгээр сард хуралдсан анхдугаар чуулганаар БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдон тангараг өргөсөн  П.Очирбатын саналаар   БНМАУ-ын Ерөнхий сайдаар Д.Бямбасүрэнг АИХ томилсон ажээ. 



Ингэж Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн инстуци бий болжээ. Түүнээс хойш 30 жил өнгөрсөн байна. Ерөнхийлөгч П. Очирбат 1990 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг томилж, бүтэц, орон тоог баталж байжээ. Тэр жишгийн дагуу Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, дэд дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн нарийн бичгийн дарга нарыг 2021 оны 6 дугаар сарын 25-нд томилсон ажээ. Тамгын газрыг Я. Содбаатар, ҮАБЗ-ийг Ж. Энхбаяр нар  ирэх жилүүдэд удирдана. Тэдний хувьд Үндсэн Хуулийн нэмэлт (2019 он)-ээр анх удаа 1 бүрэн эрхийг 6 жил хэрэгжүүлэх Ерөнхийлөгчийн гал тогоог барих болжээ. Анхны болон 6 дахь Ерөнхийлөгчийн хувьд Үндсэн Хуулийн нэмэлтээр сонгогдсон  гэх зэрэг ижил онцлог, талууд байгаа бололтой.

Холбоотой мэдээ