Ш.Болормаа: Цэцэрлэгээс сургуульд шилжих шилжилтийг зөв хийх нь тэдний суралцах үйлд эерэг нөлөө үзүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-28 15:56:13

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн боловсролын салбарт энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилгын ажлууд хугацаандаа хэвийн явагдаж байна. Түүний нэг болох Улиастай сумын томоохон баг болох Чигэстэй багт барьж буй цэцэрлэгийн барилгын ажлын явц, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааны талаар Улиастай сумын 9-р цэцэрлэгийн эрхлэгч Ш.Болормаатай уулзаж ярилцлаа.


-Танай цэцэрлэгийн барилгын ажил эрчимтэй явж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Тийм ээ. Олон жилийн дараа хүүхдүүд маань шинэ цэцэрлэгийн барилгатай болж буйд багш, эцэг эхчүүд баяртай байгаа.

Манай цэцэрлэгийн хуучин барилга нь 1956 онд ашиглалтад орж, гоц халдвартын эмнэлгийн зориулалтаар барьж, эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байсан юм билээ. Тэгээд 1972 оноос эхлэн сувиллын ясли, 1998 онд яслийн материаллаг баазыг түшиглэн халамжийн цэцэрлэг болж өргөжжээ. Түүнээс хойш 1999 оноос дөрвөн бүлэг, 100 хүүхэдтэй 9-р цэцэрлэг нэртэйгээр байгуулсан. 2013 оноос таван бүлэг, 140 гаруй хүүхэдтэй 22 багш ажиллагсадтайгаар Улиастай сумын томоохон баг болох Чигэстэй багийн нутаг дэвсгэрт байрлаж, бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ барилга нь 1956 онд ашиглалтад орсон, насжилт өндөртэй, 66 жил болсон барилга. 2008 оноос хойш сургалтын үйл ажиллагаа явуулахгүй байх мэргэжлийн хяналтын дүгнэлт удаа дараа гарч байсан. 2018 онд шинэ барилга барих хүсэлтээ Завхан аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар хандаж зураг төсөв хийлгэх хүсэлтээ өгч, улсын төсвийн хөрөнгөөр нэг тэрбум 800 сая төгрөгийн зураг төсөв хийсэн юм. Тэр үед УИХ-ын гишүүн З.Нарантуяад хандаж шинэ барилга барих албан хүсэлтээ өгч, барилга барих эхлэл тавигдсан юм. Ингээд 2020 оны үндсэн чиглэлд тусгагдаж 500 сая төгрөгийн санхүүжилт суусан боловч төсөв татагдаж, аймгийн засаг дарга тус барилгын ажлыг царцаахгүйн тулд 50 сая төгрөгийн санхүүжилтийг авч үлдэж, санхүүжилт нь он дамнаж 80 хувийн санхүүжилт одоогоор тавигдсан байгаа. Өнгөрсөн жил цэцэрлэгийн барилга муудаж, таазнаасаа нурж эхэлсэн. Нэг өглөө ажилдаа ирсэн миний өрөөний  дүүжин тааз цөмрөн нурж их хэмжээний шавар унасан байсан. Тэгээд л хүүхдүүдээ, ажилтнуудаа эрсдэлээс хамгаалахын тулд, намар нь шууд гэр барьж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

-Цэцэрлэгийн барилгыг актад оруулсан юм болов уу?

-2020 онд Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газар хандаж барилгыг 100 хувь актад оруулсан байгаа.

-Одоо барилгын ажлын явц хэдэн хувьтай байна?

-Барилгын зураг төсвийг өмнөх гэрээ байгуулсан компаниа өөрчилж өөр компани сонгох гэж байсныг эсэргүүцэж,  өмнө сонгосон "Органик Архитектур Монголия" ХХК-ийн зураг төсвөөр хийлгэхээр болсон. Мэдээж ахиад өөр компаниар хийлгэхээр цаг хугацаа алдаж царцаагдах нөхцөл үүсэх магадлалтай байсан учраас тэр юм. Зураг төсвийн компани нь зургаа экспедицээр оруулах гээд мөнгөө нэхэмжлэхээр төсөв, мөнгөө өгөхгүй удаашралтай байсан тул зураг төслийн компанийн захиралтай хамтран зөвшилцөж хувиасаа 600 мянган төгрөг нэмэрлэж байж, зургийг экспедицээр оруулж байж тендерт орсон. Тендер хоёр удаа зарлагдсан. Эхний удаа гурван компани, дараагийн удаа таван компани орж "Арь констракшн" ХХК тендерт шалгарч 2020 оны 11 дүгээр сарын 14-ний  өдөр хуучин барилгын буулгалтын ажил явагдаж гурван өдрийн дотор хийж дуусгасан. Энэ цар тахалтай үед төлөвлөгөөт хугацаандаа ажлаа эхэлж чадахгүй байж байгаад энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн барилгын шав тавьж, барилгын суурь хундамаа цутган, барилгын ажил эрчимтэй эхэлсэн.

Өнөөдөр хоёр сар хагасын хугацаанд барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Одоо барилгын дүүргэлтийн ажил хийж байгаа. Ирэх 12 дугаар сар болтол барилгын ажил 70-80 хувьтай хийж, 2022 оны наймдугаар сарын 22-нд бүрэн хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Энэ ташрамд манай цэцэрлэгийн барилгыг барьж буй "Арь констракшн" ХХК-ийн хамт хамт олонд маш их баярлалаа. Бидний ирээдүй болсон бяцхан хүүхдүүдэд минь сурч хөгжих таатай орчныг бүрдүүлж, орчин үеийн шийдлээр чанартай барилга барьж байгаад нь дахин талархал илэрхийлж байна.

-Танай цэцэрлэгийн барилгыг өнгөрсөн жил акталсан юм байна. Хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулсан бэ?

-Тийм ээ. Өнгөрсөн хичээлийн жилд айлын хашаанд таван гэр түрээсэлж нийт долоон гэр барьж үйл ажиллагаагаа явуулсан. Цэцэрлэгийн үйл ажиллагаа маань гурван сар явагдаж байгаад хөл хорио тогтоосон. Хөл хорионы  үед багш, ажилчид зүгээр суугаагүй ээ. Ажилчид сургалтын орчин тохижуулах, багш нар цахим хичээл бэлтгэх, дасгал ажлын дэвтэр хийж хүүхдүүдэдээ тараах. Бэлтгэл бүлэг, дунд бүлгийн хүүхдүүдтэйгээ багш нар цахимаар ажиллаж байсан. Түүнчлэн сургалтын хэрэглэгдэхүүн, тарааж өгөх материалыг гарын доорх материал ашиглаж хийгээд цэцэрлэгийн хэрэглэгдэхүүний баяжилтыг нэмэгдүүлсэн.

Мөн эцэг эхтэйгээ байнга групп чатаар холбогдон мэдээлэл өгч, хүүхдүүд эцэг эхтэйгээ хамтран ажиллаж байлаа. Ер нь цэцэрлэгийн багш, ажилчид цар тахлын үеийн хөл хориог боломж болгон ашиглаж төрөл бүрийн программуудыг сурч байв. Цахим хичээл бэлтгэн бүлгийнхээ группт байршуулан өөрсдийгөө хөгжүүлж ажилласан. Манай багш нар Google meeting, Times, Zoom программ ашиглаж уулзалт хийх, тэднийг сургалтад хамруулах, цахимаар тайлангаа тавих гээд цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар, алсын зайнаас тасралтгүй явуулж байсан.

Мөн аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Сарангэрэл аймгийнхаа СӨБ-ын бүх багш, ажилчдыг хөгжүүлэх тал дээр нэлээд анхааран ажилласан. Тухайлбал аймгийн хэмжээний сургуулийн өмнөх боловсролын багш нарыг бүлэг бүрээр нь мэргэжлийн бүлэг, баг болгон хамтарч сургуулийн өмнөх насны хоцрогдлыг арилгах тал дээр илүү анхааран ажилласан. Мөн багш эрхлэгч нарыг цахим сургалтад бүрэн хамруулан, аймгийн хэмжээний бүх багш нарын хагас жилийн тайланг цахимаар тавиулж ажилласан нь багш нарыг хөгжүүлэхэд маш сайн нөлөөлж ажилласан.

-Ингэхэд танай цэцэрлэг сургалтаа ямар арга барилаар явуулдаг вэ?

-Манай хамт олон “Хамтдаа бүтээж – хамтдаа хөгжицгөөе” уриатайгаар ээлтэй орчинд хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжин ажилладаг. Бие биеэ хүндэтгэн, өв соёлоо дээдэлж, зөв төлөвшилтэй, эрүүл чийрэг хүүхдийг хөгжүүлэн төлөвшүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажилладаг багш, ажилчдаараа бахархдаг. Бид хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор цэцэрлэг дээр төрөлжсөн дугуйланг тогтмол хичээллүүлдэг. Манайх мэргэжлийн багшаар 100 хувь хангагдсан хамт олон.

Манайх батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг. Ер нь хөтөлбөрийн зорилго, зорилт, агуулгыг хэрэгжүүлэх багшийн сургах, хөгжүүлэх, хүүхдийн сурч танин мэдэх арга, үйл үйлдлийг сургалтын арга гэж багтаан ойлгоно. Гэвч хүүхэд бүрийн хөгжлийн онцлог адилгүй гэдгийг манай багш нар онцгой анхаарч ажилладаг. Ингэхдээ хүүхдүүдийн дийлэнх нь аль түвшинд байгааг тогтоож, тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулдаг онцлогтой. Хүүхэд бүрд тайлбарлан таниулах, ассуулт тавих, харилцан ярилцах, үзүүлэн таниулах. Ингэхдээ хүүхдүүдэдээ бодит зүйл, карт, зурагт болон хөдөлгөөнт зүйлсийг үзүүлж таниулдаг. Мөн цэцэрлэг дээр тохиолдож буй хүүхдүүдийн харилцаа, асуудлыг харилцан ярилцаж шийдвэрлэх. Практик арга болох дасгалжуулах, дагуулж хийлгэх, давтан хийлгэх аргаар хүүхдүүдээ хүмүүжүүлдэг.

-Ер нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд, тэр дундаа багш нар хүүхдүүдийн хамгийн ойрын хүн байдаг байх?


-Тэгэлгүй яах вэ. Бага насны хүүхэд дотнын хүнтэйгээ бие, сэтгэлээр ойр байж, хайр халамж, хамгаалагдсан байдлыг мэдэрсэн, тайван амгалан, чөлөөтэй байх үедээ идэвхтэй суралцдаг учир манай багш нар сэтгэлээрээ ойр дотно байхыг өдөр бүр эрхэмлэдэг шүү. Хүүхэд багш, аав, ээж болон бусадтай хамт үйл хийж, идэвхтэй харилцах үед өөрийг нь итгэлтэй хамтрагч гэдгийг хүлээн зөвшөөрч байгааг мэдэрч, аливаа зүйлийн учрыг олох. Тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд шинэ зүйлийг илүү хурдтай суралцдаг тул багш, хүүхэд, эцэг эхийн хамтын үйл ажиллагааг манай цэцэрлэг илүү чухалчилж ажилладаг. Тиймдээ ч эцэг эх, багш, хүүхдүүдийн өдөрлөгийг байнга зохион байгуулдаг.

-Та боловсролын салбарт хэчнээн жил ажиллаж байна вэ? Энэ салбарт ажиллахын сайхан нь юу юм бол?

-Би боловсролын байгууллагад 38 дахь жилдээ ажиллаж байна. Хүүхдийн сэтгэл, оюунд баяр хөөртэй, сайхан мэдрэмж төрүүлдэг орчин бол цэцэрлэг, сургууль байдаг. Тиймээс хүүхдүүд маань тохь, тухтай орчинд аз жаргалтай, баяр баясгалантай, хөгжилтэй, сонирхолтой суралцаж хөгжиж байвал багш хүний жаргал тэр юм. Миний хувьд өдөр бүр хүүхдийн сонирхол, баяр баясгаланг төрүүлэх сэн. Хүүхэд бүрийг бүтээлчээр сургах сан. Тиймээс мэдрэхүй, бүтээлч үйлийг дэмжсэн үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэх сэн. Багш бүр хүүхдийн алдааг хүлээн зөвшөөрч, тэдэнд алдаанаас суралцах боломжийг олгоосой. Мөн тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй эрэлт хэрэгцээнд нь нийцсэн ганцаарчилсан сургалтыг байнга өгөх сөн гэсэн төлөвлөгөөтэй ажилладаг.


Шинэ цэцэрлэгтээ зориулж багш ажилчид гарын доорх материал ашиглаж өөрсдийн гараар тавилга хэрэгсэл урлажээ. /Номын тавиур, мод хэлбэртэй өлгүүр, гутлын хайрцаг/

Мөн хүүхдийн орчин нь осол аюулгүй, эрүүл мэнд, хөдөлгөөн, тоглох үйлийг дэмжсэн, эерэг харилцааг үүсгэх, эрэл хайгуул хийхэд нь өдөөсөн суралцахуйн хөгжлийг нь дэмжсэн байхыг чухалчилж байна.

Бага насны хүүхдийн талаарх судалгааны ажил дэлхий нийтэд эрчимжиж, хүүхдийн хөгжлийн онцлог, боломжийн талаар шинэ нотолгоо, мэдлэг, мэдээлэл бий болсоор байна. Тухайлбал, сургуулийн өмнөх насанд хүүхдийн тархи маш эрчимтэй хөгждөг. Ер нь цэцэрлэгээс сургуульд шилжих шилжилтийг зөв хийх нь тэдний суралцах үйлд эерэг нөлөө үзүүлж, насан туршийн амьдралын суурь болдог шүү дээ. Мэдлэгт суурилсан нийгэм, мэдээлэл, харилцааны технологийн хурдацтай хөгжлийн энэ эрин үед хүүхдийг бага наснаас нь янз бүрийн мэдлэг эзэмшүүлэх гэхээс илүүтэй тэдний төрөлхийн суралцах хүсэл эрмэлзэл, дур сонирхолд тулгуурлан, тэдэнд орчинтойгоо идэвхтэй харьцаж, өөрөө судлан шинжилж учир холбогдлыг нь олж нээх боломж олгох. Бие даан аливаа үйлийг гүйцэтгэх чадвартай болоход нь дэмжлэг туслалцаа үзүүлэхэд багш нар бид илүү анхаарах хэрэгтэй. Сургуулийн өмнөх боловсролыг “хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх” гэсэн зорилгоос илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын суурь үе гэж хөгжүүлэх нь хамгаас чухал юм.


Энэ хичээлийн жил эхлээд миний бие өндөр насныхаа тэтгэвэрт гарч байгаа. Одоо ээлжийн  амралттай байгаа ч гэсэн хүүхдүүдийнхээ сурах орчныг сайжруулахын тулд цэцэрлэгийн шинэ барилгын ажилд их анхаарал хандуулж ажиллаж байна. Учир нь боловсролын тэр дундаа цэцэрлэгийн барилга чанар стандарт сайн байх учиртай шүү дээ. Одоогоор цэцэрлэгийн барилгынхаа ажлыг хаяагүй, шаардлагатай бичиг баримт шаардсан зүйлийг нь гүйцэтгэсээр байна. Чанартай барилга барих шийдлийг "Арь констракшн" ХХК-тай ярилцаж гадна фасадыг металл хавтангаар хийхээр болсон. Ер нь барилгууд чанар муутай барьж дахин засварлаж, эдийн засаг санхүү үр дүнгүй болж байна шүү дээ. Сүүлийн үед барьсан зарим цэцэрлэгийн барилгууд чанар стандарт хангахгүй хоёроос гурван жил болоод засварт орж байна. Таазнаас нь дусаал гоожих, паар секц нь задрах, гадна шавар нурах гэх мэт. Тиймээс хөрөнгө мөнгө, цаг зав зарцуулан хийж буй томоохон бүтээн байгуулалтыг ирээдүйгээ бодож найдвартай, чанар сайтай хийлгэхийг шаардах, хянах ёстой.

Цэцэрлэгийн удирдлагын хувьд анх алс ирээдүйгээ бодоод шууд 150 хүүхдийн барилга барих санал тавьсан. Учир нь хүүхдүүдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа. Түүнчлэн дараагийн ажлыг авах эрхлэгч маань энэ сайхан барилгыг үргэлжлүүлээд хяналтаа сайн тавьж, барилгын ажилтан нэг бүртэй хамтраад стандартын дагуу чанартай бариулах нь чухал. Манай шинэ барилгын хувьд нэлээд багтаамж сайтай, орчин үеийн шийдлээр барьж байгаа. Дотроо хөгжмийн, хурлын заалтай, анги бүлгүүд, ажилчид, гал тогоо тусдаа 00-той. Мөн эмчийн болон тусгаарлах өрөөтэй, ажилчдын хувцас солих өрөөтэй. Бүлэг бүр аваарын хаалгатай, дохиоллын системтэй барьж байгаа. Цэцэрлэгийнхээ барилгын суурийг тавьж эхлүүлсэндээ сэтгэл хангалуун баяртай байгаа.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ