Ж.Гүррагчаагийн хувийн цуглуулгыг Үндэсний төв архив хүлээн авч бичил үзэсгэлэн гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой энд онд тохиож буйтай холбогдуулан Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн амьдрал, үйл ажиллагааныхаа явцад цуглуулсан, 1960-2021 оны цаасан суурьтай хувийн баримт, эд өлгийн зүйлийг хүлээн авч, Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулан, эдгээр баримтаар өнөөдөр бичил үзэсгэлэн гаргалаа.
Баатар Ж.Гүррагчаа нь МАА-ийн 065-р ангид цэргийн бага даргын албан тушаалаас ажлын гараагаа эхэлж, Батлах хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн хүртэл төрийн дээд алба хашсан, байлдагчаас хошууч генерал, МУ, ЗХУ-ын баатар, жирийн судлаачаас сансар судлалын доктор цол хүртсэн арвин намтар, түүхийн эзэн бөгөөд одоогоор Монгол Улсаас сансарт ниссэн цор ганц хүн юм.
Түүний хувийн баримтуудаас онцолбол, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдээс гаргасан зарлиг, тогтоол, шийдвэрийн хуулбар, сэтгүүлд өгсөн ярилцлага, өөрийн бичиж хэвлүүлсэн ном, Ж.Гүррагчаа баатрын амьдрал, сансар судлалын тухай ном, товхимол зэрэг олон сонирхолтой эд өлгийн дурсгал багтжээ.
Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа үзэсгэлэнгийн үеэр, “Архив нь улс орон хийгээд хувь хүнд чухал ач холбогдолтой төдийгүй эд материалыг мөнхөд, үр хойчдоо үлдээдэг тул миний бүхий л эд өлгийн зүйлийг тордож, дүрэм журмынх дагуу хүлээж авсан Архивын ерөнхий газрын хамт олонд талархал илэрхийлж байгаа”-гаа онцоллоо.
Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив, Одон орон геофизикийн хүрээлэн хамтран зохион байгуулсан энэ үйл ажиллагаанд сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, Архивын ерөнхий газрын дэд дарга Ч.Оюунчимэг, Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл, Үндэсний төв архивын захирал Т.Сайнжаргал болон бусад зочин төлөөлөгч оролцсоныг Архивын ерөнхий газраас мэдээлэв.