“Хятадын онцлог” бүхий авлигатай тэмцэх арга

ТОЙМ
munkhtuul@montsame.gov.mn
2021-07-05 11:37:59

 Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Нийгмийн хөгжлийн чөдөр тушаа, эрх тэгш шударга ёсыг хамгийн их гажуудуулагч идээ бээр болсон авлига, хээл хахууль гэгч аль ч нийгмийн үед  амь бөхтэйгөөр оршсоор ирсэн байдаг. Харин Хятад улс энэхүү идээ бээрээ хэрхэн шахан гаргаж буй бодлого, арга хэмжээ нь дэлхий нийтийн анхаарлыг татаж “Хятадын онцлог” бүхий авлигатай тэмцэх арга хэмээн нэрлэгдэх болжээ.

Ингэхдээ цогцоор нь шийдэх, шийтгэх болон урьдчилан сэргийлэх хоёрыг зэрэгцүүлэх, авлигаас хэрхэн урьдчилан сэргийлэх боловсролыг түгээн дэлгэрүүлж, эрх мэдлийг хянах механизмыг хэрэгжүүлснээр өөрийн онцлогт тохирсон авлигатай тэмцэж байна. Тус улс эдийн засгийн хувьд хүчирхэгжиж 2030 оны үед АНУ-ыг гүйцэж түрүүлэн дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болно хэмээж буй ч авлигын хэрэг үе үе гарч асар их хэмжээний хөрөнгө мөнгөтэй холбоотой хэргүүдийг үйлдэх арга хэлбэр нь улам нарийссаар байгаа аж. Энэ бүхэнтэй дээрх аргуудаар шийдмэг, тууштай тэмцэхийг гол зарчмаа болгож байна.  

Анх 1949 онд БНХАУ байгуулагдахад Үндсэн хуультайгаа зэрэгцүүлэн “БНХАУ-ын авлигын хэргийг шийтгэх журам”-ыг баталж, ийнхүү анхны авлигатай тэмцэх системтэй механизм бий болжээ. Шинээр гарсан засгийн газрын эрх мэдлийн цэвэр ариун байдлыг хадгалахын тулд авлигын эсрэг,  үргүй зардлын эсрэг, хүнд суртлын эсрэг гэсэн “3 эсрэг” хөдөлгөөн, хээл хахууль өгөх болон авах, татвараас зайлсхийх, улсын өмч хөрөнгийг шамшигдуулах, үйлдвэрлэлийн түүхий эд материалаас хулгайлах, эдийн засгийн мэдээллийг луйвардаж олж авах гэх “5 эсрэг” хөдөлгөөнийг өрнүүлсэн байна. Эдгээр хөдөлгөөнийг өрнүүлсний үр дүнд эд хөрөнгийг шамшигдуулах үзэгдлийг таслан зогсоож, авлигачдыг шийтгэсэн нь нийгмийг цэвэрлэхэд тодорхой хэмжээнд нөлөөлжээ.

Харин 20-р зууны 70-аад оны сүүлээр Хятад улс өөрчлөлт шинэчлэл, нээлттэй хаалганы бодлогыг хэрэгжүүлэхэд хэт төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт болон бөглүү, хагас бөглүүгээс нээлттэй нийгэм рүү шилжих шилжилтийн явцад авлигын сөрөг үзэгдлүүд нь гаарч эхэлсэн байна. Энэ шинэчлэл өөрчлөлт, сорилтод Хятад улс нэг гараараа эдийн засгийн хөгжлөө барьж, нөгөө гараараа авлигатай тэмцэхдээ контрабандын хэрэг, хууль бус аргаар гадаад валют олж авах, авлига авах зэрэгтэй тусгайлан тэмцэж, арбитрын байгууллагуудыг байгуулж, “БНХАУ-ын эрүүгийн хууль”, “БНХАУ-ын эрүүгийн хэргийг мэдээлэх хууль“ зэргийг баталж, шат дараалсан авлигатай тэмцэх арга хэлбэр, замыг эрэлхийлж, хэрэгжүүлжээ.

20-р зууны 90-ээд онд Хятад улс социалист зах зээлийн эдийн засгийг байгуулж эхэлсэн. Хуучин тогтолцоогоо солих үед авлигын хэрэг соёолж, тэр ч бүү хэл тархаж байгаатай нүүр тулахдаа түүнтэй тэмцэх хүчээ улам нэмэгдүүлэх бодлогыг гарган тавьж, удирдах албан тушаалтан цэвэр ариун байх, өөрөө өөрийгөө хянах, сахилга бат зөрчсөн хэргийг шалгах, салбаруудад гарч буй зохисгүй үзэгдлийг засаж сайжруулах гээд гурван ажлыг кампаничлан зохион байгуулжээ. Ингэхдээ авлигын эсрэг болон засаглалыг цэвэрлэх хууль, дүрмүүдийг боловсруулж тэмцлийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулсаар байв. Прокурорын байгууллагын дэргэд авлигатай тэмцэх салбар, албан тушаалыг урвуулан ашиглахын эсрэг салбар, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбаруудыг тус тус байгуулжээ. Мөн цэрэг арми, зэвсэгт хүчин, цагдаа сэргийлэх, улс төрийн байгууллагууд бизнесийн үйл ажиллагаа явуулж болохгүй тухай чухал шийдвэрийг  гаргав. Засаг захиргааны байгууллагуудыг хянах, санхүүгийн менежмент, хүний нөөц боловсон хүчин зэрэгт тогтолцооны өөрчлөлт хийж, төрийн албан үүрэг, үйлдвэрийн үйл ажиллагаа, тосгоны үүргийг  нээлттэй болгосон байна.

21-р зуун руу дэвшихэд  авлигатай тэмцэх, засаг төрийг цэвэрлэх ажлыг нэн тэргүүнд тавьж, цогцоор нь шийдэх, шийтгэхийн зэрэгцээ урьдчилан сэргийлэхийг хослуулан хэрэглэх стратегийг боловсруулж хэрэгжүүлжээ. Хэрэгжүүлэх ажлын хуваарилалт дээр хууль зөрчиж, сахилга бат алдсан хэргийг хатуу чанга шалгаж, удирдах ажилтнуудын өөрөө өөртөө хяналт тавихыг хөхиүлэн дэмжиж, олон нийтийн эрх ашгийг хохироосон аливаа зохисгүй үйлдлийг засаж сайжруулах, чухал салбаруудын шинэчлэлийг огтхон ч гуйвалгүйгээр баттай хийж чадсан юм.

Авлигаас урьдчилан сэргийлэх газрыг байгуулж, авлигаас урьдчилан сэргийлэх бүхий л  ажлыг  шат дараалан хийж, ард иргэдийн ёс суртахуун, засгийг цэвэрлэх талын  ойлголт мэдлэгийг дээшлүүлж, цэвэр ариун нийгэм байгуулахын үнэ цэнийг мэдрүүлсэн байна. Ийнхүү тууштай тэмцсэний үр дүнд Хятадын авлигатай тэмцэх хүч нь  улам нэмэгдэж, арвин их туршлага хуримтлуулснаар эдийн засгийн хөгжлийг улам хурдасгаж нийгмийг улам тогтвортой болгож байна.

Хятадын статистикийн газар болон ард иргэдийн дунд явуулсан социологийн судалгаанаас үзэхэд, 2003-2010 оны хооронд Хятадын ард иргэдийн авлигатай тэмцэх бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд сэтгэл ханамжийн байдал 51.9 %-иас 70.6 %-д хүрч, авлигын сөрөг үзэгдэл харилцан адилгүй хумигдаж буй дахь олон нийтийн хандлагын харьцаа нь 68.1-83.8 хувьд хүрсэн байна. Олон улсын нийгэм ч энэ кампанит ажлыг эергээр үнэлсэн байдаг. Энэ нүсэр бөгөөд ярвигтай ажлыг удирдан зохион байгуулж мөн гардан гүйцэтгэж байгаа нь ХКН. Намын хороо нь  удирдлагыг нэгтгэн гартаа авч,  захиргаа нь менежментийг хариуцаж, сахилга батын хороо нь зохицуулалт хийж, салбар бүр нь өөрсдийн ногдсон үүрэг хариуцлагаа үүрэхээс гадна олон нийтийн дэмжлэг, оролцооны тусламжтай “Хятадын онцлог”-той авилгатай тэмцэх удирдлагын тогтолцоо болон ажлын механизмыг бий болгожээ. 

Ардын  прокурор нь авлига үйлдсэн, албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүст хуулийн дагуу албан тушаалын хэргийг шууд үүсгэж, мөрдөж, улсыг төлөөлж Ардын шүүхэд мэдүүлдэг. Прокурорын байгууллага нь авлигын хэргийн талаарх холбогдох салбаруудын мэдээллийг хүлээж авсны дараа тухайн мэдээлсэн хэрэгт анхан шатны судалгаа хийсний үндсэн дээр тухайн гэмт үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой бол процедурын дагуу хэрэг үүсгэж мөрдөн байцаана. Үүний дараа хэргийн бодит байдал, нотолгоог үндэслэн хуулийн дагуу шийдвэрлэнэ. Хэрэг нотлогдвол уг хэргийг Ардын прокурорын газрын авлигатай тэмцэх, албан тушаалыг урвуулан ашиглахтай тэмцэх салбараас мэдүүлгийн газарт хүргүүлж шалгуулсны дараа Ардын шүүхэд мэдүүлнэ.

ХКН-ын Төв Хорооны Сахилга бат, хяналтын хорооны нарийн бичгийн орлогч Шяо Пейгийн 2021 оны 6-р сарын 28-нд мэдээлснээр, ХКН-ын 18-р их хурлаас хойш нийт улс даяар сахилга бат, хяналтын байгууллагуудаас 3 сая 850 мянган хэргийг шалгаж, 4 сая 89 мянган хүнийг шалган тогтоож, намын сахилга бат, захиргааны шийтгэлийг нийт 3 сая 742 мянган хүнд ногдуулжээ. 2012 оны 12-р сараас 2021 оны 5 сар хүртэл мужаас дээш зэрэглэлийн 392 удирдах албан тушаалтан, 220 мянган газрын дарга, албан хаагч, 170 мянган албан хаагч, 616 мянган хошууны албан хаагчдын авлигын хэргийг мөрдөн шалгаж байна. Мөн 626 500 хэргийг шалгаж шийдвэрлэжээ.

Эдийн засгийн глобалчлалыг дагаад авлигын хэрэг улам нарийн зохион байгуулалттай, улс орон дамнах байдал гарах болжээ. Иймээс дэлхийн олон улс орон, бүс нутгууд энэ талаарх олон улсын хамтын ажиллагаанд нэгдэцгээсэн. Өнөөгийн байдлаар Хятад улс дэлхийн 68 улс орон, бүс нутагтай 106  ширхэг хамтран ажиллах гэрээ конвенцод гарын үсгээ зуржээ. Тухайлбал, Америктай Хятад, Америкийн хууль хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хамтарсан хэсэг, авлигын эсрэг мэргэжилтнүүдийн хэсэг, Канадтай хууль хэрэгжүүлэх хамтын ажиллагааны зөвлөлдөх механизм зэргийг байгуулжээ.

2006 онд “БНХАУ-ын мөнгө угаахтай тэмцэх хууль”-ийг баталсан бол 2007 онд авлигаас урьдчилан сэргийлэх улсын газрыг байгуулж, олон улсын холбогдох байгууллагуудад гишүүнээр элссэн байна. 2006 онд Хятадын дээд шүүхээс авлигатай тэмцэх газруудын олон улсын хамтарсан нийгэмлэгийг санаачлан байгуулсан нь дэлхий дээрх бүх улс орон, бүс нутгуудын авлигатай тэмцэх газруудыг нэгтгэсэн анхны олон усын байгууллагаа болжээ. Ингэснээр гадаадад зугтсан авлигын гэмт хэрэгтнийг буцааж авчрах тал дээр дэлхийн 100 гаруй улс оронтой амжилттай хамтран ажиллаж байна.

2014 онд олон улсын авлигатай тэмцэх “Тэнгэрийн тор”үйл ажиллагааг явуулснаас хойш 120 улс, бүс нутгаас 9165 хүнийг хөөж баривчилж, нийт 21 тэрбум 739 сая юанийг буцаан хураажээ.

                                                                                                                                                                                     Б.Мөнхтуул

 

Холбоотой мэдээ