Хяналт шалгалтаар 68 зөрчлийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-15 18:59:59

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. МХЕГ-ын даргын баталсан удирдамж, Улсын онцгой комиссын тушаалаар батлагдсан коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмын хэрэгжилтэд Сэлэнгэ аймгийн МХГ-аас хяналт тавин ажиллаж байна.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлалтай Их Монгол, Сэлэнгэ номт, Гоё сэлэнгэ, Хан оргил, Хишиг, Анунамралтын газрууд, Сүхбаатар самбарт байрлалтай “Сэлэнгэ хуушуур”, Сүхбаатар сумын 5 дугаар багт байрлалтай түргэн хоол үйлдвэрлэл, ил задгай худалдаа эрхлэгчдийг шалгажээ. Хяналт шалгалтын явцад 68 зөрчлийг илрүүлж, газар дээр нь 13 зөрчлийг арилгуулсан байна.

Мөн зөрчил дутагдлыг арилгуулах талаар улсын байцаагчдын хамтарсан 72 заалттай зургаан албан шаардлагыг хугацаатай өгч, биелэлтийг тооцохоор шийдвэрлэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмжийг өгчээ.

Шалгалтын явцад, QR кодыг байршуулж үйлчлүүлэгчдийг бүртгээгүй, ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй, худалдааны газрууд үйлчлүүлэгчийн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулж, чиглүүлэгч бүхий тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй, үйлчилгээний ажилчид дархлаажуулалтын 2 тунд бүрэн хамрагдаагүй, өвчлөөд эдгэрсэн талаар Эрүүл мэндийн байгууллагын магадлагаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Мөн үйлчилгээний газрын ажилчдад зориулсан ахуй хангамжийн өрөөгөөр хангаагүй /хооллох, хувцасаа солих/, хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй, үйлчлүүлэгчдэд гар угаах нөхцөл бүрдүүлээгүй, үнэ төлбөргүй үйлчлэх ариун цэврийн өрөөгүй, халдвараас сэргийлэх зөвлөмжийг шаардлагатай цэг хэсэгт байршуулж, мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулаагүй байжээ.

Түүнчлэн агаар сэлгэлт хийх боломжгүй, механик агаар сэлгэлтийн төхөөрөмж ажиллагаагүй, ажлын байр, тээврийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжид угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутамд хийгээгүй, ажиллагсад халдвар хамгааллын хэрэгсэлгүй ажиллаж байсан /Амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт/, ажиллагсдад зориулсан халдваргүйтгэлийн бодисын 5-аас доошгүй хоногийн нөөцийг бүрдүүлээгүй зөрчил илэрсэн байна.

Сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй, төлбөр, тооцоог карт, цахимаар хийх нөхцөл бүрдүүлээгүй, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар урьдчилан захиалга авч үйлчлэх нөхцөл бүрдүүлээгүй, шууд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг ил, задгай худалдаалсан зэрэг зөрчлийг шалгалтйн явцад илрүүлжээ.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Холбоотой мэдээ