АНУ, Япон, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд нар хамтран ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-30 16:55:46

НҮБ. /NHK/. БНХАУ-ын эрчимжиж байгаа далайн үйл ажиллагааг зохицуулах бодлогыг Япон, АНУ, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд нар хамтран зөвшилцөхөөр тохиролцсон байна.

Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Свараж нар өчигдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр уулзсан байна. Энэ нь тэдний анхны уулзалт юм.

Өмнөд Хятадын тэнгисийн статус-квог өөрчлөх гэсэн БНХАУ-ын нэг талыг баримталсан үйл ажиллагаанд ихээхэн санаа зовж байгаагаа Кишида илэрхийлжээ.

Арлуудыг нөхөн сэргээх төсөл, байгууламж барих ажиллагаа болон тэдгээрийг цэргийн зориулалтаар ашиглах зэрэг нь тус бүс нутгийн байдлыг хурцадмал болгож байгааг тэрбээр онцолсон байна.

Хууль, дүрэм журмыг дагаж мөрдөн, маргааныг энхийн замаар шийдэж, Ази-Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хадгалах хэрэгтэй гэдэг дээр гурван сайд санал нэгджээ.

Мөн тэд, байгалийн томоохон гамшгийн үед аврах болон тусламжийн нэгдсэн арга хэмжээ авах зорилгоор шинжээчдийн гурван талын уулзалт зохион байгуулахаар тохиролцсон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд