МОНЦАМЭ агентлагийн түүхээс онцлох нь

Монголын мэдээ | Нийгэм
batbold.sh@montsame.gov.mn
2021-07-19 11:44:56
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийг үүсгэн байгуулсаны 100 жилийн ойн энэ онд тохиож байна. Тус ойг тохиолдуулан МОНЦАМЭ агентлагийн түүхийн онцлох үйл явдлуудаас толилуулж байна.


1921.03.18. Монголын цахилгаан мэдээний газар-МОНТА нэрээр “Монголчуудын бослого” нэртэй хамгийн анхны мэдээгээ хилийн чанадад илгээжээ. 



Монголын  цахилгаан  мэдээний  газар-МОНТА-гийн анхны эрхлэгчээр Монголын Ардын Хувьсгалт Армийн Улс төрийн  газрын зөвлөх сургагч Иван Григорьевич Демко томилогдон хэсэг хугацаанд үүрэг гүйцэтгэж ажилласан байна.



1921.03.30. Монголын цахилгаан мэдээний газар-МОНТА-гийн хилийн чанадад илгээсэн “Монголчуудын бослого” анхны мэдээ “Правда” сонины 68 дахь дугаарын 4 дүгээр нүүрт  нийтлэгдэв.    





1921.07.19. Ардын Засгийн газрын зургадугаар хуралдаанаар Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо нэрийн дор харилцаа холбоо, шуудангийн газрын хамт Монголын цахилгаан мэдээний газар-МОНТА-г байгуулж, ерөнхийлөн захирах түшмэдээр гүн Цэдэвсүрэнг томилжээ. 




1921.11.01. Засгийн газрын 21 дүгээр хурлаар МОНТА хэмээх Монголын цахилгаан мэдээний газрын ажиллах дүрмийг батлав.


1922.05.25 Монголын цахилгаан мэдээний газар-МОНТА “Бюллетень Монгольского телеграфного агентства” гэдэг нэртэй сонинг гаргав. 



1922.06.22 “Бюллетень  МОНТА” сонины монгол хувилбар “Хураангуй сэтгүүл” нэртэйгээр  гарч эхлэв.



1929.09.01. Монгол Улсад хятад хэлээр хэвлэгддэг цорын ганц сонин болох “Монголын мэдээ” сонины анхны дугаар “Ажилчны зам” нэртэйгээр гарав. 1964 оны 10 дугаар сараас “Монголын мэдээ” /Мэнгү шяоси бао/ нэртэйгээр МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргаж эхлэв. 



1942.05.01. “Новости  Монголии “ сонины  анхны  дугаар “Үнэн” сонины газарт “Үнэн-Правда” нэртэй   гарч, удалгүй   “Монгольские  новости” нэрээр  хэвлэгдэх болсон байна. 1959 оноос МОНЦАМЭ агентлагаас тус сониныг эрхлэн гаргаж байна.




1956 оноос “Монгол Улс” сэтгүүлийг гаргаж эхлэв.   

 

1957.10.01. БНМАУ-ын  Сайд   нарын  Зөвлөл, МАХН-ын  Төв  Хорооны  Улс төрийн Товчооны  хурлын  хавсарсан  430/363  дугаар   тогтоолоор  “Монголын  Цахилгаан  Мэдээний  газар”-ыг   БНМАУ-ын  Сайд нарын Зөвлөлийн дэргэд тусгай газар болгон шинэчлэн байгуулж товчилсон нэрийг МОНЦАМЭ гэж байхаар тогтоожээ.



1957.10.06. МОНЦАМЭ ба ТАСС агентлагийн хооронд  мэдээ  солилцох тухай  гэрээг Москва хотноо байгуулав.



1957.12.31. Монголын Цахилгаан Мэдээний газрын Техникийн албаны инженер техникчид ТАСС агентлагтай хамгийн анх телетайпаар холбоо барьж мэдээлэл солилцож эхэлжээ. 


1958.01. Агентлагийн “Хэвлэх тасаг” байгуулагдаж, Засгийн газар, яамд, төрийн байгууллагуудыг албан хэрэгцээний “нууц мэдээ”-гээр шуурхай хангах ажил үүргийг дагнан гүйцэтгэж байжээ. 


1958.06.02. БНМАУ-ын Цахилгаан Мэдээний газар МОНЦАМЭ, БНХАУ-ын Цахилгаан Мэдээний Хороо СИНЬХУА-гийн хооронд мэдээ солилцох тухай хэлэлцээрийг  Бээжин хотноо  байгуулжээ. 



1958.12.31. Агентлаг байгуулагдсан цагаасаа эхлэн мэдээллийг морзе үсгээр дамжуулж, хүлээн авч байгаад энэ өдрөөс эхлэн телетайпын аппарат ашиглах болов.


1959 оноос. “Современная Монголия” сэтгүүлийг  сар тутам гаргаж  эхлэв.



1959 оноос “Монгол Улс” сэтгүүлийг  англи хэлээр  гаргаж эхлэв.



1961.10.27. НҮБ –ын Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулганаар “БНМАУ –ыг НҮБ-д гишүүнээр элсүүлсэн тухай” мэдээг МОНЦАМЭ орон даяар ард түмэндээ зарлан мэдээлж, төвийн сонин хэвлэлүүдэд түгээн нийтлүүлжээ.


1981 он.  МОНЦАМЭ нь  Ази-Номхон   далайн    бүс    нутгийн      мэдээллийн        агентлагуудын нэгдсэн  байгууллага OAНA-д  гишүүнээр элсэв.



1981.03.22-30. Монгол хүн сансарт нисэв. Монголчуудын түүхэнд алтан хуудас нээсэн энэ  үйл  явдлыг  МОНЦАМЭ агентлагийн тусгай   сурвалжлагч Т.Галдан, гэрэл зургийн сурвалжлагч  С.Батсүх, Ц.Нина, улс төрийн тоймч Д.Базарваань нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй баг Байконур, Жезказганаас газар дээрээс нь сурвалжилж, ард түмэндээ  хүргэв. 




1981.07.16. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 247 дугаар зарлигаар “БНМАУ-ын энх тайванч гадаад бодлого, манай орны шинэ нийгэм байгуулалтын түүхэн туршлага, ололт амжилтыг хилийн чанадад сурталчлах, улс түмний найрамдал, энх тайвныг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь тэмдэглэж” МОНЦАМЭ агентлагийг 60 жилийн ойг нь тохиолдуулан “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН” –гоор шагнажээ.



1983.10.11. БНМАУ-ын Цахилгаан мэдээний агентлаг МОНЦАМЭ, Япон Улсын Киодо цусин агентлагийн хооронд мэдээ солилцох тухай хэлэлцээрт Токио хотноо гарын үсэг зурав.


1985 он. МОНЦАМЭ агентлагийн дэргэд Монгол-Пресс ерөнхий редакцийг байгуулж, дотооддоо  ”Цаг үе” бюллетенийг сард 3 удаа, гадаадад “Монгольские новости” бюллетенийг сард 2 удаа англи, франц хэлээр гаргаж эхлэв.



1989.07.03. МОНЦАМЭ, Их Британийн Ройтерс агентлагтай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг  зурав. 



1990.09.19. МОНЦАМЭ агентлагийн хэвлэл “Ил товчоо” сонин гарч эхлэв. Сонины анхны эрхлэгчээр Готовын Аким ажиллаж байсан бөгөөд 1990-1994 онд МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргаад хувийн хэвшилд шилжүүлсэн юм. 



1990.10.06. БНМАУ-ын Засгийн газрын 14 дүгээр тогтоолоор МОНЦАМЭ агентлагийг бие даалган Засгийн газрын дэргэд байгуулжээ.



1990.10.10. МОНЦАМЭ агентлаг өөрийн өмчлөлийн байртай болов.



1990.11.05. МОНЦАМЭ, БНСУ-ын  мэдээллийн  ЁНХАП агентлагийн хооронд мэдээ солилцох тухай анхны хэлэлцээрт Сөүл хотноо гарын үсэг зурав. 


1991.07.08. МОНЦАМЭ агентлагаас эрхлэн англи хэлээр гаргасан “Монгол мессенжер” сонины анхны дугаар хэвлэгдэн гарав. 


1992.05.10 Монгол  бичгээр  дагнан  гардаг  “Хүмүүн бичиг”  сонины  анхны   дугаар  хэвлэгдэн гарав.



1997.04.00. МОНЦАМЭ агентлаг Интернетийн сүлжээнд  холбогдож, өөрийн вэб хуудсыг байрлуулж, үйл явдлын мэдээ, мэдээллийг дэлхий дахинд өдөр тутам  монгол, орос, англи хэлээр толилуулж эхлэв.


1998.01.00. “Хүмүүн бичиг” сонины редакциас анх удаа орон даяар ”Сайхан бичигтний улсын уралдаан”-ыг зарлаж дүгнэв.Уг уралдаанд тэргүүлж  шалгарагсдын шагналыг жил бүр Монгол Улсын Ерөнхий сайд МОНЦАМЭ агентлагт биечлэн ирж гардуулдаг уламжлал тогтов.


2000.11.03. МОНЦАМЭ-гийн “Алтан дүрэм”-ийг баталж үйл ажиллагаандаа мөрдөж эхлэв.


2001.01.01. МОНЦАМЭ агентлаг 21 аймагт бие даан  орон тооны сурвалжлагч ажиллуулж эхлэв. 


2002.05.01. Өдөр тутмын оройн шуурхай мэдээллийн “МОНЦАМЭ мэдээ” сэтгүүлийг хэвлэн гаргаж эхлэв. 


2003.10.15. Япон  хэлээр эрхлэн гаргадаг “Монгору цушин”   сонины   анхны   дугаар   хэвлэгдэв. 



2010.11.24-27. БНТУ-ын Истанбул хотод болсон ОАНА-ийн Ерөнхий Ассамблейн ээлжит хурлаас МОНЦАМЭ агентлаг анх удаа ОАНА-гийн Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүнээр сонгогдов.


2011.06.27-30. ОАНА-ийн Гүйцэтгэх Зөвлөлийн хурлыг МОНЦАМЭ агентлаг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав.



2011.07. МОНЦАМЭ агентлагийн дээд шагнал “Алтан дүрмийн эзэн” шагналыг бий болгож, 90 жилийн ойн баярын үеэр анхны 5 хүнд олгов. Улмаар 2016 оноос МОНЦАМЭ агентлг, МСНЭ хамтран ажиллах гэрээний хүрээнд МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит “Мэдээний шилдэг сурвалжлагч шагнал”-ыг “Алтан дүрмийн эзэн” тэмдэг, мөнгөн шагналын хамт жил бүр 3 хүртэлх сэтгүүлчид олгож эхлэв.



2014 он. МОНЦАМЭ агентлаг цахим хуудсаа монгол, англи, орос, хятад, япон хэлээр шинэчлэн ашиглалтад оруулав.


2015 он. МОНЦАМЭ агентлаг Японы НИККЕЙ групптэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Монголын тухай мэдээллийг өдөр бүр англи хэлээр нийлүүлж байна.


2016 он. МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвийг Улаанбаатар хотноо болсон АСЕМ буюу Ази-Европын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл мэдээллийн төвөөр ажиллуулав.



2017 он. МОНЦАМЭ агентлаг ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия Сегодня” агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулав.


2019.09. Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын “Россия Сегодня” олон улсын мэдээллийн агентлагийн “Спутник” радиотой хамтран “Хоёр ард түмэн-нэг ялалт” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотноо гаргав.



2019.11. БНСУ-ын Сөүл хотноо болсон ОАНА-ийн Ерөнхий Ассамблейн ээлжит хурлаас МОНЦАМЭ агентлаг ОАНА-ийн Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүнээр дахин сонгогдож, Гүйцэтгэх Зөвлөлийн ээлжит хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг авав.



2019.12. Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан МОНЦАМЭ, СИНЬХУА агентлагууд “Түүхэн замнал” гэрэл зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотноо гаргаж, альбом хэвлүүлэв.



2020 он. БНТУ-ын ТИКА агентлагийн хөрөнгө оруулалтаар МОНТА теле студийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэв. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар агентлагийн хэвлэх үйлдвэрт шинээр хэвлэх машин авав.



2021.03. Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг МОНЦАМЭ агентлаг сурвалжилсан нь” гэрэл зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хот дахь Оросын соёл, шинжлэх ухааны төв “Русский Дом”-д гаргав.



2021.06. МОНЦАМЭ агентлагийн үе үеийн 150 орчим сэтгүүлч, орчуулагч, уран бүтээлчдийн бүтээлээр “Монгол Улсын дуу хоолой” номыг “Монголын шилдэг нийтлэл” цувралын 22 дахь боть болгон хэвлүүлэв.



2021.02-06. МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойн хүрээнд ахмад сэтгүүлч Г.Баатарчулуун, Ч.Эрдэнэ, “Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол, тэмдгээр шагнуулав.



Холбоотой мэдээ