Баянбүрдийн тойрог орчмын авто замд ус зайлуулах шугам угсарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-21 11:34:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хороо Баянбүрдийн тойрог орчмын авто замд борооны ус зайлуулах шугам угсралт хийж байна.


Тасганы усан сан болон умард дэд станц орчмын гэр хорооллын суурьшлын бүсээс хур борооны үед үерийн усаар их хэмжээний хайрга, шороо зөөвөрлөгдөн Баянбүрдийн аюулгүйн тойрогт нэвтэрдэг. Улмаар 6-р хорооны орон сууцны гадна зам талбай, подвалыг усанд автуулах, лаг шавраар бохирдуулах хүндрэл үүсдэг. Үүнийг шийдэхээр НЗДТГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Геодези, усны барилга байгууламжийн газар бэлтгэлээ ханган, авто зам дагуух шугам сүлжээ угсралтыг эхлүүлээд байна.


Долдугаар сарын 14-18-нд 150.7 метр газар шугам угсарч, авто замын хөндлөн сэтэлгээг 29.4 метр урт газар хийж, ф600 ган хоолой суурилуулжээ. Нийт 165 метр урт шугам угсарч, шүүрт 10, үзлэгийн таван худаг угсарснаар ажлын явц 36 хувьтай байгаа аж. 


Баянбүрдийн аюулгүйн тойрог орчимд ус зайлуулах шугам хийснээр авто замын насжилт нэмэгдэж, орчны тоосжилтыг багасгахаас гадна нийгмийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлдөг асуудлыг шийднэ гэж НЗДТГ-ын хэвлэлийн алба мэдээлэв.

Холбоотой мэдээ