Мандал сумын нэгдсэн эмнэлэг компьютерт томаграфийн аппараттай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-21 21:01:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар компьютерт томографийн аппараттай боллоо. Тус эмнэлэг томаграфийн аппаратгүйн улмаас иргэд Улаанбаатар, Дархан-Уул аймагт очиж шинжилгээнд ордог байсан аж.

Энэхүү шинээр суурилуулсан аппарат нь АНУ-д үйлдвэрлэгдсэн “Philips" загварын 16 зүсэлттэй, өдөрт 20 ба түүнээс дээш хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай аж. Мөн толгой, их бие, мөчдийн эрхтнүүдийн зэрэг бүтэн биеийн оношилгоог тодосгогчтой болон тодосгогчгүй жирийн зүсэлтээр харах боломжтой юм.

Тус аппарат ашиглалтад орсноор Мандал сумын төдийгүй зэргэлдээх сумдын иргэд нийслэлийг зорилгүйгээр сумандаа иж бүрэн оношлуулах, цаашид олон хүний амийг цаг алдалгүй аврах боломж бүрдэж байгаа ажээ. Энэхүү Монгол Улсад цөөхөн байдаг компьютерт томаграфийн аппараттай болгоход Мандал, Баянгол сумын уугуул СХД-ийн нэгдсэн эмнэлгийн бодлого төлөвлөлт хариуцсан орлогч дарга, дүрс оношилгооны тэргүүлэх зэргийн эмч П.Бат-Ирээдүй, Дүрс оношилгооны тэргүүлэх зэргийн эмч Д.Бархүү нар дэм үзүүлж, гүүр болон ажилласан байна. Уг аппаратыг нийлүүлж, суурилуулахад "MD medical clinic" эмнэлгийн захирал Ч.Үл-Олдох, тус эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Мөнхбаатар нар хамтран ажилласан байна. 

Холбоотой мэдээ