ТАСС агентлагаас МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-23 12:01:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын ТАСС агентлагийн Ерөнхий захирал Сергей Михайлов мэндчилгээ дэвшүүллээ. 


Эрхэм хүндэт хатагтай Б.Ганчимэг, эрхэм хүндэт нөхөд өө!


МОНЦАМЭ агентлаг байгуулагдсаны зуун жилийн ойг тохиолдуулан мэдээллийн ТАСС агентлагийн нийт хамт олон та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. МОНЦАМЭ агентлагийн энэ зуунд туулсан бүтээлч замнал тусгаар тогтносон Монгол Улсын хөгжилтэй салшгүй холбоотой. МОНЦАМЭ агентлаг олон арван жилийн турш Монголд өрнөж буй үйл явдлын талаарх үнэн зөв, шуурхай мэдээллийн эх сурвалж нь байсаар ирсэн. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” хэмээх гайхалтай сайхан Монгол ардын зүйр цэцэн үг бий. Ийм л учраас танай агентлаг мэдээллийн талбарт үргэлж тэргүүнд байдаг. Хэрэглэгч олон та бүхэнд итгэдэг бөгөөд танай мэдээлэл Монгол Улсад төдийгүй хилийн чанадад эрэлт хэрэгцээтэй байдаг.


Өнөөдөр МОНЦАМЭ агентлаг нь мэдээлэл түгээх шинэ мультимедиа арга хэрэгслийг амжилттай эзэмшиж, хамгийн ноцтой сэдвүүдийг хөндөхөөс эмээдэггүй. Олон жилийн туршид хамтран ажиллах хугацаандаа бид жинхэнэ утгаараа найрсаг харилцааг бий болгожээ. Үүний нэг тод жишээ нь хамтын ажиллагааны гэрээний хүрээнд мэдээлэл солилцох, мэдлэг туршлага солилцох харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор өнгөрсөн зууны 80-аад оноос эхлэн жил бүр төлөөлөгчдөө солилцдог болсон явдал юм.


Ази, Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллагын хүрээнд бидний харилцаа амжилттай хөгжиж байна. Тийнхүү хүчин чармайлтаа уялдуулан ажиллах нь амжилтанд хүрэх түлхүүр бөгөөд манай агентлагуудын технологийн болон мэдээллийн шинэ сорилтыг цаг үетэйгээ хөл нийлүүлэн даван туулах боломж юм.


Бидний хамтын ажиллагаа Орос-Монголын найрамдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байна. ТАСС болон МОНЦАМЭ агентлагийн хамтын ажиллагаа нь бие биенээ илүү сайн таньж, мэдэхэд нь Орос, Монголын ард түмэнд тусалж байна. ТАСС агентлагийн нийт хамт олны зүгээс та бүхэнд ажил бүтээлийн урам зориг, шинэ амжилт, нээлт хүсэж байгааг минь хүлээн авна уу. МОНЦАМЭ агентлагийн бүх хэлтэс, хамт олонд эрүүл энх, сайн сайхан, ундарсан эрч хүч, амжилт бүтээлийг хүсэж байна.

Холбоотой мэдээ