Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Кени улсын боксчинтой эхний тулаанаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-23 20:15:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны XXXII олимпын наадмын боксын төрөлд оролцох Монголын шилдэг боксчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо болон Ажнай корпорацийн тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар маргааш эрэгтэйчүүдийн 57 кг-д Кени улсын тамирчин Окоч Николас Оконго-той эхний тулаанаа хийнэ.


Тулаан Улаанбаатарын цагаар 7 дугаар сарын 24-ны оройн 17 цаг 51 минутаас эхлэх бөгөөд түүний өрсөлдөгч Окоч Николас Оконго нь 38 настай ахмад боксчин учраас манай тамирчинд илүүрхэн ялах магадлал маш өндөр гэж болно.

 

Харин Дэлхийн армийн аварга, Ази тивийн 2021 оны аварга, ҮШБ, “Алдар” спорт хороо, “Капитрон” банкны тамирчин, ОУХМ Баатарсүхийн Чинзоригийн хувьд эрэгтэйчүүдийн 63 кг-д 1994 онд төрсөн 27 настай Узбекистаны боксчин, Катар улсын Доха хотноо болсон 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт Абдураймов Элнуртай учраа  таарсан юм.


Түүний өрсөлдөгч Э. Абдураймовын амжилтаас танилцуулбал,  2017 онд болсон Гамбургийн ДАШТ-д 5 дугаар байр, 2017 онд Ташкентад Ази тивийн АШТ-д түрүүлсэн, 2021 онд АБНЭУ-ын Дубай хотноо болсон АТАШТ-ээс хүрэл, Тайландын ОУТ-ээс мөнгөн медаль хүртжээ. Б.Чинзоригийн энэ тулаан ням гарагийн /2021.07.25/ 17 цаг 18 минутаас тоглож эхлэх бөгөөд манай тамирчин өрсөлдөгч Абдураймов Элнуртай өмнө нь 2 тоглож нэг ялагдаж, хамгийн сүүлд ялсан юм байна.

 

Монгол Улсаас анх удаагаа эмэгтэй боксын төрлөөр оролцох эрхээ авсан ҮШБ, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Мягмаржаргал эмэгтэйчүүдийн 75 кг жинд энэ сарын 28-ны үдээс өмнө 10 цаг 30 минутаас олимпын ринг дээр гарч тулалдана.


Түүний өрсөлдөгч Их Британийн боксчин Прайс Лаурен нь 1994 онд төрсөн, 27 настай тамирчин юм. Түүний амжилтыг дурдвал, ОХУ-ынэ Улан-Үдэ хотноо 2019 онд зохион байгуулсан  ДАШТ-д хүч үзэж дэлхийн аварга болсон. Мөн 2018 онд Шинэ Дели хотноо болсон ДАШТ-ий хүрэл, “Минск-2019” Европын АШТ-ий аварга, мөн 2018, 2016 онд Софи хотноо болсон ЕТАШТ-ээс хүрэл медаль хүртсэн энэ жингийн шилдэг тамирчдын нэг юм байна.

 

Ташрамд дуулгахад, “Токио-2020” олимпын наадмын боксын төрөлд хүч, хурд, авхаалж самбаа, оюун ухаан, уг чадвараа сорин өрсөлдөхөөр эрэгтэйчүүдийн 8 жинд 187 тамирчин,  эмэгтэйчүүдийн 5 жинд 102 тамирчин нийт 13 жинд 289 тамирчин 2021 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийтдээ 276 тулаан хийж Зуны  XXXII олимпын наадмын аваргын алт болон олимпын мөнгө, хүрэл медальтнуудаа шалгаруулна.

 

Холбоотой мэдээ