"Монголын шилдэг нийтлэл" цуврал МОНЦАМЭ-гийн уран бүтээлчдийн бүтээлээр хэвлэгдэн гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-23 18:42:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголын шилдэг нийтлэл" цувралын 22 дахь боть Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа 154 уран бүтээлчийн сэтгүүл зүйн чиглэлээр туурвисан бүтээлээр хэвлэгдэн гарлаа. 


Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн түүхт 100 жилийн ойд зориулан гаргасан тус боть нь "Монгол Улсын дуу хоолой" нэртэйгээр хоёр дэвтэртэй хэвлэгдсэн бөгөөд "Монголын шилдэг нийтлэл" цувралын хамгийн зузаан нь болж уншигчдын гарт хүрч байна. Уг ботид, тухайлбал, Г.Аким, Г.Адъяа, Т.Баасансүрэн, Ч.Эрдэнэ, Т.Галдан, Д.Жамъян, Ц.Сүрэнжав, Л.Пүрэвдорж, Б.Дашзэвэг, Б.Ганчимэг, Г.Жамц, Ж.Нэргүй,  Х.Цэвлээ, Д.Цэрэндагва, М.Чимэдцэеэ, Р.Шынай, А.Баатархуяг, Б.Элбэгзаяа зэрэг соёлын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийн нийтлэл, бүтээлийг дээжилсэн байна. Түүнчлэн Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, АИХ-ын Тэргүүлэгчдийн орлогч дарга С.Жалан-Аажав зэрэг улс төрийн зүтгэлтнүүдийн шилмэл нийтлэл багтжээ. 


Номын өмнөтгөлд МОНЦАМЭ агентлагийн дарга, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганчимэг, Монголын сэтгүүлчдийн шилдэг бүтээлийн "Монголын шилдэг нийтлэл" цувралын хамгийн зузаан 22 дахь ботийг гаргаж, сэтгүүл зүйд нэгэн судлагдахууны сэдэв болж буйд баяртай байгаагаа илэрхийлж, "100 жилийн түүхт байгууллагын хувьд, энэхүү цувралаар хамгийн зузаан боть номыг гаргаж байгаадаа бид их бэлгэшээж байна. Сэтгүүлч, орчуулагчдын маань авьяас чадвар, уран бүтээлийн цар хүрээ ч давхар харагдаж байгаа юм. Номыг эмхэтгэсэн хүмүүсийн хувьд амаргүй хүнд ажил байлаа. Гэхдээ бид хийж чадлаа. Энэ бол бидний бахархал, 100 жилийн түүх, үе үеийн хамт олноо сурталчилсан сайхан үйл хэрэг юм" хэмээн дурджээ. 


Ташрамд дурдахад, 1921 оны гуравдугаар сарын 19-нд “Монголчуудын бослого” гарчигтай мэдээ хилийн чанадад “МОНТА” гэсэн эх сурвалжтайгаар анх цацагдсанаар МОНЦАМЭ агентлаг байгуулагдах эхлэл тавигдсан. Улмаар 1921 оны долоодугаар сарын 19-нд Засгийн газрын зургаадугаар хурлаар Дотоод хэргийн яамны харьяанд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г албан ёсоор байгуулсан нь өнөөгийн МОНЦАМЭ агентлаг төдийгүй, Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт шинэ хуудас болсон юм. Энэ үеэс хойш МОНЦАМЭ агентлаг Монголыг олон улсад сурталчлах үүргээ нэг зууны турш амжилттай биелүүлжээ.

Холбоотой мэдээ