Япон улс Камбож, Иранд вакцин илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-07-24 10:42:37

ТОКИО. /NHK/. "КОВИД-19"-ийн вакциныг дэлхий даяар тэгш хүртээмжтэй түгээх зорилго бүхий олон улсын вакцин хангамжийн “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд Япон улс Камбож, Иран улсуудад коронавирусний вакцин илгээжээ.


Япон улс “Ковакс” хөтөлбөрөөр дамжуулан дотооддоо үйлдвэрлэсэн “AstraZeneca” вакцины нийт 11 сая тунг дэлхийн 15 оронд нийлүүлэхээр төлөвлөж байна.


Камбож улсын нийслэл Пномпень хотод 300 мянга орчим вакцины тунг Ерөнхий сайд Хун Сен баасан гарагт хүлээн авчээ. Дөрөвдүгээр сараас хойш тус улсад коронавирусний халдварын шинэ тохиолдлууд болон нас баралтын тоо эрс нэмэгдсэн байна.


Харин Иран улс вакцины 1.1 сая орчим тунг хүлээн авсан байна. Өнгөрсөн 6 дугаар сараас хойш тус улсад халдварын шинэ тохиолдлын тоо дахин нэмэгдэж эхэлсэн бөгөөд өдөр тутамд бүртгэгдэж буй халдварын тоо мөн үеэс хойш хэд хэдэн удаа 20 мянга давжээ. Ираны хүн амын 9 орчим хувь нь коронавирусний эсрэг вакцины эхний тунд хамрагдаад байгаа аж. 

Холбоотой мэдээ