Монгол Улс, БНСУ-ын Ерөнхий сайд нар уулзана

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-26 14:15:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон улс дахь айлчлал өнөөдөр дууссан бөгөөд тэрээр буцах замдаа БНСУ-д саатаж, тус улсын Ерөнхий сайд Ким Бү Гёмтой ажлын уулзалт хийх хуваарьтай байна.


Хоёр улсын Ерөнхий сайд нар цар тахлын хариу үйлдлийн менежмент, иргэдийн харилцан зорчих журам болон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар санал солилцоно.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүнээр томилогдсоноос хойших анхны айлчлалаа энэ сарын 21-25-нд Япон улсаас эхлүүлсэн юм. Тэрээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаанд бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийсэн. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олимпын нээлтийн ёслолд оролцож, Японы эрх баригч Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Японы парламентын зарим залуу гишүүн, мөн Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт, “КОВИД-19” цар тахалтай тэмцэх асуудал хариуцсан сайд Ё.Нишимүра болон Японы ХӨСҮТ-ийн удирдлагатай тус тус уулзаж цаг үеийн тулгамдсан болон хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар уулзаж ярилцсан юм.

Холбоотой мэдээ