Эко системийн үйлчилгээний үнэлгээний зураглалтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-07-28 10:08:40
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг чухал ач холбогдолтой зарим бүс нутгийн экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг тооцон үнэлж, зураглал гаргажээ. 

-“Ингэснээр тухайн бүс нутгийн аймаг, сумд байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашигласан, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, нийгмийн оролцоог хангаж ядуурлыг бууруулах хөгжлийн загвар буюу Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх суурь мэдээлэлтэй болж байна.

Еnsure төслийн санхүүжилтээр боловсруулсан экосистемийн үйлчилгээний үнэлгээ, зураглал бүхий энэхүү суурь мэдээлэлд түшиглэн Завхан аймаг орон нутгийн хөгжлийн дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичиг буюу “Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” боловсруулсан нь бусад аймгуудад жишиг болохуйц төлөвлөлтийн шинэлэг хандлага байв. Мөн хөгжлийн загвар гаргах систем динамик аргаар Завхан аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны үзүүлэлтүүдийг цогцоор нь тусгасан “аймгийн ногоон хөгжлийн загвар” боловсруулсан нь орон нутгийн түвшинд байгалийн нөөц, даацад нийцсэн ногоон хөгжлийн зарчимд суурилсан, аялал жуулчлал, мал аж ахуйд суурилсан уул уурхайгаас ангид бодлогын органик шийдэл, хувилбар гаргах анхны туршилтын загвар болов. Тогтвортой хөгжлийн гурван тулгуур хүчин зүйлийн харилцан уялдаа, хамаарлыг хамтад нь авч үзэх замаар ногоон хөгжлийн цөм нь болсон экосистемийн үйлчилгээг эдийн засгийн хөшүүргээр амь оруулах. Эдгээр том ойлголтуудыг орон нутгийн төлөвлөлтөд шингээх оролдлого хийсэн. Төлөвлөлтийн уламжлалт сэтгэлгээг өөрчилж буй орон нутгийн бодлого төлөвлөгч нарт талархал илэрхийлье” гэж Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төслөөс мэдээлэв.

Ташрамд тус төсөл хэрэгжиж буй аймгуудад буюу монгол орны биологийн олон янз байдалд чухал ач холбогдолтой Тарвагатайн нуруу, Бөхөн шарын нуруу, Зармангийн говь, Улаан шалын хоолойн  экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг тооцон үнэлж, зураглал гаргажээ.

Тарвагатайн нурууг дэлхийн биологийн олон янз байдлын түшиц газар болгоно 

Дэлхийн биологийн олон янз байдлын түшиц газар нутагт Монголын дөрвөн газар нутгийг тодорхойлон санал болгожээ.

-“Эдгээр газруудын нэг Тарвагатайн нуруу нь Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Алдархаан сумын нутагт оршдог. Экологийн бүс нутгийн үнэлгээнд үндэслэн төслийн бүс нутаг дахь биологийн олон янз байдлын хувьд чухал дөрвөн газар нутгийг Дэлхийн Биологийн олон янз байдлын түшиц газарт оруулахаар тодорхойлсон. Энэ саналыг боловсруулах ажлыг Де Нэйче Консерванси (TNC) байгууллага гүйцэтгэсэн.

Өмнө нь тодорхойлсон үндэсний хэмжээний хамгаалах шаардлагатай чухал газар нутгуудыг дахин хянаж үзсэний үндсэн дээр экосистемийн төлөөллийг хангах зорилтуудыг хангасан. Экологийн бүрэн бүтэн нэгдмэл байдал болон экосистемийн холбоос нутаг, тэдгээрийн үр ашгийн оновчтой байдлыг хангаж байх шалгууруудыг хангасан нийт 11,377,400 га талбай бүхий газар нутгийг Дэлхийн Биологийн Олон Янз байдлын Түшиц газарт (бүргүүлэх юм. Тухайлбал Хангайн Нурууны орчмын - 2,459,300 га газар орж буй. Дэлхийн Биологийн олон янз байдлын түшиц газар нутгийг тодорхойлон тогтоох нь байгаль хамгааллын арга хэмжээ тэр тусмаа бүс нутгийн байгаль хамгааллын төлөвлөлтийг бэхжүүлэн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм” гэж Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төслөөс нэмж дуулгав. Ташрамд TNC байгууллага нь бусад судалгаа шинжилгээний хүрээлэнгүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Монгол орны хэмжээнд экологийн бүс нутгийн үнэлгээг өмнө нь хийж гүйцэтгэж байжээ.


/Зургийн тайлбар: Судалгаанд хамрагдсан дөрвөн аймгийн хэмжээнд тогтоосон биологийн олон янз байдлын түшиц газруудын байршлыг газрын экологийн бүсүүдтэй давхцуулан харуулсан байдал/

 

Байгаль, түүхийн дурсгал Тарвагатайн нуруу

Тарвагатайн нуруу нь Завхан аймгийн Алдархаан, Идэр, Булнай, Их Уул, Архангай аймгийн Цахир сумдын нутаг дэвсгэрт оршдог.

Хангайн нурууны төв хэсгийн байгалийг онцлогийг төлөөлсөн. Монголын хамгийн том Сэлэнгэ мөрний эх, ус хагалбарын муж болох бөгөөд эмчилгээний чанартай рашааны нөөц ихтэй тул 2000 онд УИХ-ын 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байна. Тарвагатайн нуруу нь Идэр Тэрхийн голын хооронд сунаж оршихдоо гүн хөндий, эгц цавчим хажуу бүхий 2567-3226 метр өргөгдсөн уулстай. Зарим жилүүдэд цас хайлдаггүй. Хангайн өндөр уулын чийглэг сэрүүн мужид багтдаг. Асга чулуугаар хучигдсан усны хагалбар уулс, эгц хажуутай гүн хавцал, галт уул, мөстлөгийн гаралтай хотгор гүдгэр түгээмэл байдаг. Хар анаг, Өвөр цагаан сайрын ам, Түргэн, Гөрөөст зэрэг байгалийн үзэсгэлэнт уулын хавцлууд бий. Тарвагатайн нуруунаас Сэлэнгэ мөрний томоохон цутгал Идэр гол эх аван урсдаг бөгөөд халуун рашааны III зэрэгт багтах Хожуул, Зарт, Халуун ус, Цэцүүх, Хөнжил зэрэг халуун рашаантай. Химийн найрлагаараа өөр хоорондоо ялгаатай, дотор эрхтнийг анагаах увдистай юм. Мөн галт уулын гаралтай бүлэг жижиг нуурууд элбэг тохиолдоно. Уулын тайгын ширэгт, уулын тайгын цэвдэгт хөрс нэлээд өргөн зурвасаар тархсан байдаг.


Тус нурууны 170 000 га талбайг нь ой мод эзэлдэг. Энд шинэс зонхилон ургах бөгөөд нутгийн зүүн хэсгээр хуш модтой. Сибирь хундага, ягаан цээнэ, эмийн бамбай, алтанзул зэрэг ховор ургамал ургадаг. Эгц хавцал бүхий газраар намхан бутлаг ургамал ургана. Буга, бор гөрөөс, шилүүс, хүдэр, аргаль янгир, чандага, үнэг, тарвага зурам, үхэр огдой, жирх тааралдана. Хур сойр, ятуу, адууч чогчоохой, гангар хун, хээрийн галуу, хилэн омруут ахууна зэрэг олон зүйлийн ховор шувуудтай байгалийн цогцолбор газар нутаг юм гэж Тарвагатайн нурууны Байгалийн цогцолборт газрын захиргаанаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ