“Токио-2020” паралимпын Монголын багийн тугчаар А.Мөнхбат, Д.Сэлэнгээ нар жагсана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Токио /МОНЦАМЭ/. Япон улсын нийслэл Токио хотноо энэ сарын 24-нөөс 9 дүгээр сарын 5-нд "Токио-2020" зуны паралимпын XVI наадмыг зохион байгуулна.
Тус наадамд 168 улсын Үндэсний паралимпын хороо /ҮПХ/-ны 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Энэ удаагийн паралимпын XVI наадамд бадминтон, таэквондогийн спортын тамирчид анх удаагаа оролцож байгаа юм.
Паралимпын XVI наадамд хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөх Монгол Улсын үндэсний шигшээ багийн эрэгтэй тугчаар жүдо бөхийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ Аажимын Мөнхбат, эмэгтэй тугчаар байт харвааны тамирчин ОУХМ Дэмбэрэлийн Сэлэнгээ нар томилогдсон билээ.
Монголын үндэсний паралимпын хорооны тамирчдаас "Сидней-2000", "Афин-2004" зуны паралимпын наадмуудад гавьяат тамирчин Жамбалын Лхагважав, "Бээжин-2008" зуны паралимпын наадамд гавьяат дасгалжуулагч Чоёндоржийн Базарсүрэн, "Лондон-2012" зуны паралимпын наадамд гавьяат дасгалжуулагч Лхагвын Ундралбат, "Рио-2016" зуны паралимпын наадамд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, паралимпын алтан медальт Дамбадондогийн Баатаржав нар Төрийн далбаагаа өргөн жагссан түүхтэй.
Ташрамд сонирхуулахад, 2013 оны 9 дүгээр сарын 7-нд Аргентины нийслэл
Буэнос-Айрес хотноо болсон Олон улсын олимпын хорооны 125 дугаар чуулганаар “Токио-2020”
оны XXXII
олимп, паралимпын XVI наадмыг зохион байгуулах хотоор сонгогдсон юм. Ийнхүү 2020
оны олимпын наадмыг Токиод өгөх шийдвэрийг Япон даяараа баяр хөөрөөр дүүрэн
угтсан бөгөөд 1964 оны Токиогийн наадамд ард түмнийг цочроосон сэтгэл хөдлөл,
эрч хүчийг өгсөн үйл явдал 56 жилийн дараа дахин давтагдаж байгаа билээ.