Рио Тинто нэг их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төсөвт нэмэлт орлого оруулах санал тавьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдааны дараа зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Рио Тинто” компанийн удирдлагуудаас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн захидлын тухай танилцуулав.
Захидалд,
“Оюутолгой”-н уурхайн төслийн менежментийн багийг удирдаж байгаагийн хувьд “РиоТинто” гүнийн уурхайн бүтээн байгуулалтыг хойшлуулсандаа хүлцэл өчөөд, цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хүнд цаг үед гүний уурхайн ажлыг хойшлуулсандаа харамсал илэрхийлжээ. Үүнтэй холбогдуулан, Монгол Улсын Засгийн газарт одоо төлж буй болон суутган тооцох татвараас гадна 3 жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж, төсөвт нэмэлт орлого оруулах саналаа дурджээ.
Мөн Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд “Оюутолгой”-гоос “Эрдэнэс Оюутолгой”-д төлөх ногдол ашгийг хугацаанаас наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдохоор байсан өрийн хэмжээг багасгахад хоёр талаас байгуулсан ажлын хэсэг бэлэн байгааг илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, нийлбэр дүнгээр 2.3 тэрбум ам.долларын өр бичигдсэн байгааг багасгах, энэ талаар хэлэлцээр хийхэд бэлэн байгааг “РиоТинто” албан ёсоор илэрхийлснийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэв.
УИХ-ын 2019 оны тогтоолын хавсралтад дурдсанчлан, “Эрдэнэс Оюутолгой”-н 34 хувийн талаар ярилцаж болно, хэлэлцээрийг бүх талаар үргэлжлүүлэхэд бэлэн, төсөл амжилттай үргэлжлэх ёстой. Ингэхийн тулд дээр дурдсан бүх асуудлаар хэлэлцээр хийхэд бэлэн, Лондонд гаргасан сөрөг нэхэмжлэл, маргааны асуудлаа түр царцаахыг хүссэн хэмээн Х.Нямбаатар сайд онцоллоо.
Нөгөөтээгүүр, гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахын тулд нөөцийн тодотгосон тайлангаа уул уурхайн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж, ТЭЗҮ хянуулах санал илэрхийлсэн. Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдаад, хэлэлцээр хийх хүмүүстэй ойрын үед уулзана. “Рио Тинто”-гийн саналыг ажлын хэсгийн түвшинд ярилцан, хэлэлцээр үргэлжлэх аж.
Түүнчлэн “Оюутолгой”-н уурхайн тогтвортой эрчим хүчийг тохиръё, Монгол Улсаас эрчим хүч урт хугацаанд
тогтвортой худалдаж авах гэрээгээ эцэслэн байгуулах хүсэлтээ захидалд бичжээ.
Одоогоор гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллароор
хэтэрсэн. Хөрөнгөө босгож, гүний уурхайн ажлыг дуусгах шаардлага байгааг захидалд маш тодорхой дурджээ.
Зардлын тухайд “Рио Тинто”-гийн Монгол дахь захирлуудтай уулзаж, тухайн үед бид хоёр
шаардлага тавьсан. Тухайлбал, гүний уурхайн зардлын хэтрэлтийг тайлбарлах,
хэлэлцээр үргэлжилж байх явцад гүний уурхайн олборлолт хийх шийдвэр гаргах
хүсэлт тавьжээ. Хэлэлцээр хийх баг тун удахгүй “Оюутолгой”-н ТУЗ хурал дээр зардлын
хэтрэлтийг тайлбарласан мэдээллээ өгөх аж.
Тэрбээр, “Нөөцийн тодотгосон тайланг батлуулахад татгалзах зүйлгүй, ЭХЯ “Оюутолгой”-той
эрчим хүчний гэрээ хийхэд бэлэн. Зардлын хэтрэлттэй холбоотой асуудлаар тайлбар
авсны үндсэн дээр хэлэлцээрийн явцад харилцан ойлголцолд хүрнэ гэж найдаж байна.
Манай
34 хувийн зээл анх авсан 1.4 тэрбум ам.доллароор Монголын тал өөрт ногдох хувиа
компанийн бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Нийлмэл хүүгийн нийлбэр нь одоогоор 2.4
тэрбум ам.долларт хүрээд байгаа. Цаашид Монгол Улс гэрээ хэлэлцээрийг сайжруулж
боловсронгуй болгоогүй тохиолдолд өртэй үлдэх болгоомжлол байгаа. Монголын үр
өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд хэлэлцээр хийх, зээлийн хүүг бууруулах, хөнгөвчлөх
талаар ярилцахад бэлэн гэсэн байгаа” хэмээв.