С.Ёшихидэ парламентын доод танхимыг тараах талаарх мэдээллийг няцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-09-01 17:16:08

ТОКИО. /Kyodo/. Японд коронавирусний халдварын нөхцөл байдал хүндрээд буй энэ үед бүх нийтийн сонгууль явуулахын тулд Төлөөлөгчдийн танхимыг тараана гэх мэдээллийг тус улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ өнөөдөр үгүйсгэлээ.


Мөн ирэх есдүгээр сарын 29-нд товлоод буй эрх баригч Либерал Ардчилсан намын даргын сонгуулийг хойшлуулахаар төлөвлөж байгаа талаарх мэдээллийг няцаажээ. Тэрбээр албан тушаалаа хадгалан үлдэхийн тулд энэхүү сонгуульд ялалт байгуулах шаардлагатай юм.


“Миний бие “COVID-19”-тэй тэмцэх арга хэмжээнүүдийг эн тэргүүнд тавина гэдгээ мэдэгдсэн. Энэ нь огтхон ч өөрчлөгдөөгүй. Одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл Төлөөлөгчдийн танхимыг тараах боломжгүй байна” гэж Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ хэлжээ.


С.Ёшихидэ намын даргын сонгуульд Гадаад хэргийн сайд асан Кишида Фүмио тэргүүтэй бусад өрсөлдөгчтэйгээ нүүр тулахаасаа өмнө бүх нийтийн сонгууль явуулж магадгүй гэх таамаглалыг Либерал Ардчилсан намын зарим хууль тогтоогч дэвшүүлсний дараа тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ