УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын Ерөнхий захиралтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-09-07 10:04:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Вена дахь НҮБ-ын салбар төвд энэ сарын 6-ны өдөр зочилж, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий захирал Ли Ёнгтой уулзав.

Манай улсын үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрчим хүч, хүрээлэн буй орчны салбарт байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ЮНИДО-той хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, тодорхой үр дүн гарч байгааг УИХ-ын дарга сайшаав.

Дэлхийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтран үйлдвэрлэлийн хөгжил, экспортыг дэмжихэд Монгол Улсын хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд ЮНИДО хувь нэмрээ оруулж байгааг Ерөнхий захирал Ли Ёнг дурдаж, “Экспортыг дэмжих төсөл (EDP)”-ийн “Баталгаажуулалтын үйлчилгээ, чанарын удирдлагыг сайжруулах” төсөл нь хамтын ажиллагааны шинэ боломж гэдгийг онцлов.

“Малын гаралтай түүхий эдийг боловсруулах нэгдсэн парк/бүс байгуулахад үзүүлэх дэмжлэг-3 үе шаттай” төсөл, “Хөдөө аж ахуйн, үйлдвэрлэлийн кластерт ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний экспортыг дэмжих төсөл”-ийг манай улс ЮНИДО-той хамтран хэрэгжүүлж эхлэхээр тохиролцоод байгаа бөгөөд тэдгээрийг үр дүнтэй шуурхай хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана гэдгээ талууд нотлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 7-8-нд Австри Улсын Вена хотноо болох “Парламентын дарга нарын дэлхийн V бага хурал”-д оролцоно.

Холбоотой мэдээ