Махны чиглэлийн үхэр, хонийг дуудлага худалдаагаар борлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-09-08 14:52:47

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, харьяа байгууллага болох Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сан хамтран есдүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт малын дуудлага худалдаа зохион байгуулах гэж байна.

Малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Франц улсаас импортолж, нутагшуулан үржүүлж байгаа махны чиглэлийн лиммузин, ангус үүлдрийн 176 үхэр, мах-ноосны чиглэлийн нарийн ноост меринос үүлдрийн 350 хонийг дуудлага худалдаагаар борлуулах юм.

Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт болох үйл ажиллагааны үеэр дуудлага худалдаа болохоос гадна борлуулах үхэр, хонины арчилгаа, маллагаа, технологийн чиглэлийн сургалт зохион байгуулж, мэдээлэл өгөх аж. Тиймээс махны чиглэлийн үхэр үржүүлэх гэж буй иргэн аж ахуйн нэгжүүд өргөнөөр оролцож, Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран үржлийн ажлыг хийх чиглэлээр мэдээлэл авч, цаашид зохиомол хээлтүүлэг, хөврөл үр шилжүүлэн суулгах зэрэг үйлчилгээг хийлгэх боломжтой.

Холбоотой мэдээ