УИХ-ын дарга Г.Занданшатар Парламентын тэргүүн нарын хурлын хэлэлцүүлэгт үг хэлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-09 14:35:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Парламентын тэргүүн нарын дэлхийн V Бага хурлын “Парламентуудын нээлттэй, ил тод байдал ба аюулгүй байдал: Тэдгээрийг тэнцвэртэй хангах нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв.


Энэхүү панел хэлэлцүүлгийг Того Улсын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Ява Джигбоди Цеган удирдан хөтөлж, Австри, Латви, Арабын Нэгдсэн Эмират, Чили, Румын, Швейцарь, Йемен, Уругвай, Эстони, Балба, Нигер улсын парламентын тэргүүн нар илтгэгчээр оролцлоо.



Улс орнуудын парламент буюу хууль тогтоох байгууллагууд өөрсдийн ажлаа олон нийтэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй байлгахыг зорьж ажиллахын зэрэгцээ учирч болзошгүй хүндрэл бэрхшээл, аюулгүй байдлын эрсдэлээс сэргийлэхэд анхаарч ажиллахын чухлыг хэлэлцүүлгийн үеэр хөндөж ярилцав. Хэлэлцүүлэгт оролцогчдоос дээрх чиглэлээр улс орондоо хэрэгжүүлж байгаа сайн туршлагын талаар танилцуулан санал солилцож, “COVID-19” цар тахлын үед авч хэрэгжүүлж буй парламентын ажлын дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд цахим аюулгүй байдлыг хангах нь чухлаар тавигдаж буйг онцолж байв.


УИХ-ын дарга Г.Занданшатар энэ хүрээнд Монгол Улсын Их Хурал цар тахлын хөл хорионы үед ч парламентын ажлыг тасралтгүй явуулахад анхаарч, хууль тогтоох үйл явцад олон нийт, иргэдийн оролцоог хангах тусгай платформыг ашиглаж, “Цахим парламент” шинэчлэлийг хэрэгжүүлснийг танилцууллаа.

Холбоотой мэдээ