Монголын тамирчид, мастерууд одтой байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-07-03 12:45:28

Жил бүрийн долдугаар сарын эхний ням гарагт “Монголын тамирчдын өдөр”-ийг улс орны хэмжээнд өргөн тэмдэглэдэг уламжлалтай.  Энэхүү баярын өдөр Монголын спорт сонирхогч мастеруудын холбоо /МССМХ/-ны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатартай уулзаж тус холбооны ажил үйлсийн талаар сонирхлоо.

-Юуны өмнө Монголын биеийн тамир спортын салбарын үе үеийн тамирчин, багш, дасгалжуулагч, албан хаагч, тус салбарын удирдах ажилтнууд, ахмадууд, спортын зүтгэлтэн, спорт сонирхогч, хөгжөөн дэмжигчид болон БТС-ыг ивээн тэтгэгч та бүхэндээ “Монголын тамирчдын өдөр”-ийн халуун баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

-Танай холбоо байгуулагдаад жил болжээ. Энэ хугацаанд ямар үйл ажиллагаа явуулж байгаа бол?

-Монголын спорт сонирхогч мастеруудын холбоо байгуулагдаад нэг жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд спорт сонирхогч ахмадууд болон мастеруудын хүрээнд нэлээд ажил хийж байна. Манай улсад 35-аас дээш насны нэг сая 38 мянган хүн байна. Энэ хүмүүсийн дунд хөдөлгөөн, биеийн тамир, спортоор хичээллэж бие бялдараа чийрэгжүүлж эрүүл аж төрөхийн ач холбогдлыг ойлгуулж, эрүүл чийрэг байлгах зорилготой тус холбоо ажиллаж байгаа. Мөн тив дэлхий, олон улсын ахмад мастеруудын тэмцээнд амжилттай оролцуулахын төлөө тус холбоо үйл ажиллагаа явуулдаг. Холбооноос дотоодын болон олон улсын тэмцээнийг ч зохион байгуулдаг. Дэлхийн ахмад мастеруудын холбооны ерөнхийлөгч манай оронд айлчилсан. Бид удахгүй энэ холбооны гишүүнээр элсэх гэж байгаа. Тус холбоонд элссэнээр Азийн нэгдсэн холбоог байгуулах боломж бүрдэнэ. Өнгөрсөн онд ахмад мастеруудын анхдугаар тэмцээн /гандбол, софттеннис/, ОУТ болон Япон, Монголын уулзалт тэмцээнийг зохион байгуулсан. Энэ жилийн хувьд мамтеруудын II тэмцээнийг зохион байгуулж байна. Цаашдаа жил бүр аймаг, орон нутагт зохион байгуулах зорилт байгаа.

Орон нутагт танай холбооны салбарууд ажиллаж байгаа юу?

-Бид цаашдаа орон нутаг, дүүргийн спорт холбоо, клубүүдтэй хамтарч ажиллах зорилготой. Эхнээсээ холбоо тогтоож хамтарч ажиллаж эхэлсэн. Чөлөөт бөхийн холбоо мастеруудын холбоогоо байгуулж тэмцээнээ амжилттай зохион явуулж, олон мастерууд ирж өргөн хүрээтэй болсон. Шалгарсан хүмүүс нь олон улс, тив, ДАШТ-д оролцоно. Чөлөөт бөх, жүдо, шатар, хөлбөмбөг, гарбөмбөг, ширээний теннисний ахмад мастерууд манай холбооны гишүүд байгаа. Бид хамтаараа эрүүл чийрэг байх зорилго дор нэгдэж биеийн тамир спортоор хичээллэж байдгаараа онцлогтой. Ирэх 8 дугаар сард Төв аймагт мастеруудын тэмцээн зохион байгуулна. 9 дүгээр сард Манжуурт олон улсын тэмцээнд оролцоно. Мөн 8 дугаар сарын 26-наас 9 дүгээр сарын 4-нд Канадын Ванкуверт мастеруудын их наадамд оролцоно. Ирэх жил Шинэ Зеландад 9 дүгээр сард 4 жилд нэг удаа болдог мастеруудын олимпийн наадам болно.

-МССМХ-ноос өөр ямар тодорхой зорилго бүхий ажил хэрэгжүүлж байгаа вэ?

-Манай холбооноос ахмад тамирчдад төр засгаас дэмжлэг авах, тив, дэлхий, ОУТ-ээс медаль авсан тамирчдад төрөөс мөнгөн шагнал авахуулах талаар ажиллаж байгаа. Хөлс, хүчээ гаргаж, улс орныхоо нэрийг мандуулж байгаа тамирчид зээл авч байж л энэ амжилтыг үзүүлдэг. Иймд тэдэнд тэмцээнд оролцох зардлыг нь хөнгөлж өгөх, амжилт гаргавал мөнгөн урамшуулал олгож дэмждэг болмоор байна. Ахмад тамирчдад тусдаа явах фитнесс клуб байдаггүй. Тэд 5 жил өвдөөгүй, эмчийн магадлагаа аваагүй спортоор идэвхтэй хичээллэж эрүүл саруул байгааг нь үнэлж фитнесс клубт хичээллэх зардлын 50 хувийг хөнгөлдөг байх. Хүүхдийн, оюутны наадам гэж байдаг шиг ахмадын, мастеруудын наадам зохион байгуулах, тэдний эрүүл байх гарц болсон биеийн тамир, спортоор идэвхтэй хичээллүүлэх асуудал хурцаар яригдаж байна. Энэ нь “Эрүүл монгол хүн” хөтөлбөртэй нийцэж байгаа юм. Даатгалаас иргэн бүр тодорхой мөнгө гаргуулах эрхтэй бөгөөд 5 жил аваагүй хүмүүсийг уралдаан тэмцээнд оролцох зардлыг нь дааж яагаад болохгүй гэж. Ер нь 35-аас дээш насны хүмүүсийн дунд биеийн тамир, спортоор хичээллэхийг дэмжсэнээр монгол хүний дундаж наслалтыг ихэсгэж, хүн амыг эрүүл байлгахад чухал үүрэгтэй. Үүний төлөө л бид ажиллаж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ