Гойд ашиг шимт малын дуудлага худалдаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-09-13 15:14:01

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Газар тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлж, цөөн малаас өндөр ашиг шим авах боломж байна. 21 аймгаас анх удаа Дархан-Уул аймагт гойд ашиг шимт малын дуудлага худалдаа боллоо. Дуудлага худалдаанд мах, сүүний чиглэлийн лиммузин, ангус үүлдрийн 176 үхэр, меринос, суффолк, романов, бирешон зэрэг дөрвөн үүлдрийн 657 хонийг худалдан борлуулсан юм.

Мах, сүүний чиглэлийн үхрийг нутагшуулснаар эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид нэг малаас 2-3 дахин өндөр ашиг шим хүртэх боломжтой.

Харин меринос үүлдрийн хонь нарийн ноостой гэдгээрээ алдартай. Ноосны гарц нь 7-8 килограмм байдаг. Энэ үүлдрийн хонийг газар тариалангийн бүсэд өсгөвөл ноолуураас дутахааргүй үнэд хүрэх ноос бэлтгэн нийлүүлэх боломжтой аж. Мөн фермерүүд үргүй зардлаа багасгаж, хугацаа хэмнэх давуу талтайг худалдааны үеэр зохион байгуулагчид онцолж байлаа.

Энэхүү дуудлага худалдаанд 20 гаруй иргэн, Аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо. Дөрвөн үүлдрийн хонийг 1,8-3 сая төгрөгөөс эхлэн дуудсан бол лиммузин, ангус үүлдрийн үхрийг 8-14 сая төгрөгөөр дуудлага худалдаанд оруулсан юм. Фермерүүд гойд ашигт шимт ганц бух худалдаж авахад л 10 гаруй сая төгрөг зарцуулна. Ийм мөнгийг халааснаасаа гаргаад, шууд тоолоод өгчих аж ахуйн нэгж ховор. Тиймээс төрөөс хөнгөлөлттэй зээл олгох зэрэг бодлогын дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Цаашид өндөр ашиг шимт малын дуудлага худалдааг улирал бүр зохион байгуулахаар зорьж байгаа ажээ.

Холбоотой мэдээ