“Монголын үндэсний паралимпын өдөр”-ийг монголчууд алтан медальтай угтлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-09-14 10:01:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Монголын үндэсний паралимпын өдөр тохиож байгаа бөгөөд монголчууд “Токио-2020” зуны паралимпын XVI наадмаас яг хагас сарын /08.30/ өмнө алтан медальт тамирчинтай болсон билээ.


Монгол Улсын паралимпын их гэр бүлийнхэн энэхүү баярын өдрийг ийнхүү паралимпын хос алтан медаль, хос хүрэл медальтай угтан авч байна.


Энэ жил “Бээжин-2008” паралимпын аварга /байт харваа/, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, “Токио-2020” паралимпын аварга /пауэрлифтинг/ гавьяат тамирчин Э.Содномпилжээ, “Рио-2016” паралимпын хүрэл медальт /жүдо/ Б.Ууганхүү тэргүүтэй манай улсын пара спортын баг тамирчид, багш дасгалжуулагчид үндэсний паралимпын өдрийг тэмдэглэж байгаагаараа онцлогтой юм.



Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-ноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн идэвхтэй амьдралд татан оролцуулах,  нийгэмшүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх сонирхлыг өрнүүлж ирсэн 30 гаруй жилийн түүхийг бичжээ. Өнөөдөр тэдний дундаас спортын авьяаслаг ур чадвартай өсвөр, залуу тамирчдыг нээн илрүүлж тив, дэлхий, паралимпын наадмын түвшинд өрсөлдүүлэх, залгамж халааг бэлтгэхэд онцгой анхаарч ажилласнаар жил ирэх тусам пара спортыг сонирхогч хүүхэд залуус нэмэгдэж, амжилтаа ахиулсаар байна.


МҮПХ-ноос орон нутагт паралимпын спортыг хөгжүүлэх зорилгоор тогтмол сургалт зохион байгуулах болсон нь хөгжлийн бэрхшээлтэй өсвөр залуу үеийг төдийгүй бүх насныханд их урам, эрч хүч өгөх боллоо. МҮПХ-ны төлөөлөгчийн газар аймаг бүрт амжилттай үйл ажиллагаа явуулж пара спортыг улс орон даяар түгээн дэлгэрүүлэх боломж бүрдэж байна. “Монголын үндэсний паралимпын өдөр”-ийг 2019 оноос эхлэн орон даяар тэмдэглэж байгаа билээ.


Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын асуудлыг хариуцсан төрийн бус байгууллага /ТББ/ анх 1989 онд Тахир дутуу хүмүүсийн БТС-ын холбоо нэртэй байгуулагдсан. Харин 1995 оноос Монголын паралимпын хороо хэмээх нэртэй болж албан ёсоор байгуулагдсан бөгөөд 2000 онд Олон улсын паралимпын хороо/ОУПХ/-ны гишүүнээр элссэн юм.

Бразил улсын Рио де Жанейро хотноо зохион байгуулсан “Рио-2016” зуны паралимпын XV наадамд пара спортын 5 төрлөөр нийт 8 тамирчин оролцож жүдо бөхөөр Б.Ууганхүү, пауэрлифтингээр Э.Содномпилжээ тус тус паралимпын хүрэл медаль хүртэж манай баг тус наадамд оролцсон 159 орноос 75 дугаар байрт шалгарч байсан.


Харин энэ удаа Монгол Улсаас “Токио-2020” зуны паралимпын XVI наадам /2021.08.24-09.05/-д таеквондо /2/, пауэрлифтинг /1/, байт харваа /2/, жүдо /3/, хөнгөн атлетик /2/, буудлага /1/ гэсэн спортын 6 төрөлд эмэгтэй 4, эрэгтэй 7 нийт 11 тамирчин хурд хүч, ур чадвараа сорин амжилттай оролцож паралимпын наадамд өрсөлдсөн 168 орноос амжилтаараа 59 дүгээр байрт шалгарлаа.



Дэлхийн улс орнуудад тархсан “Ковид-19” цар тахлын улмаас паралимпын наадам бүтэн нэг жилээр хойшилсон. Япон улсын нийслэлд хүсэн хүлээсэн их наадам 13 өдөр үргэлжилсэн бөгөөд “Токио-2020” зуны паралимпын XVI наадамд эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчдаас пауэрлифтингийн төрөлд 107 кг-ын жинд хүч сорин өрсөлдсөн Энхбаярын Содномпилжээ 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын аварга болж монголчуудаа баярлуулсан.  


Мөн паралимпын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 61 кг-д хүч үзсэн Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49 кг-д өрсөлдсөн Х.Энхтуяа нар шагналт байр эзэлсэн юм.


Ташрамд дуулгахад, энэ удаагийн паралимпын наадамд 4403 тамирчин оролцсон нь бүх цаг үеийн дээд амжилт болж бүртгэгдлээ. Риогийн паралимпод 4328 тамирчин оролцож байв. Нийт 1853 эмэгтэй тамирчин паралимпод оролцсон нь мөн л дээд амжилт болов.



Өнөөдөр дэлхий дээр хөгжлийн бэрхшээлтэй 1.2 тэрбум хүн аж төрж байгаа юм. “Токио-2020” зуны паралимпын XVI наадмын хаалтын үеэр Олон улсын паралимпын хорооны ерөнхийлөгч Эндрью Парсонс: “Дэлхий даяар энэ тамирчид шиг хөгжлийн бэрхшээлтэй 1.2 тэрбум хүн бий гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй” хэмээн онцлон хэлсэн билээ.

Холбоотой мэдээ