АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч К.Кэмпбэллтэй уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-21 16:42:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-д ажлын айлчлал хийж буй УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй парламентын төлөөлөгчид Вашингтон хотноо АНУ-ын Конгрессын Олон улсын байгаль хамгаалах бүлгийн гишүүдтэй уулзалт хийлээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр хэлэхдээ, “КОВИД-19 цар тахал дэлхий даяар тархаж байгаа тул байгаль хамгаалах асуудалд илүү анхаарал хандуулж, хүрээлэн буй орчны доройтол, цаг агаарын таагүй үзэгдлээс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахын тулд дэлхий нийтээр шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна. Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлын алдагдал, бичил биетний мутаци гэх мэт үзэгдлүүд нь амьтнаас хүнд халдвар дамжих, шинэ өвчин үүсэх, хууч өвчин дэгдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Бэлчээрийн мал аж ахуйтай, байгалийн баялгийн арвин нөөцтэй Монгол Улсын хувьд байгаль хамгаалах нь нэн чухал асуудал юм. Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан ногоон эдийн засгийн бүтцийг бий болгох, байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлого зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байна. УИХ Ногоон хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг 2014 онд баталсан. Парламентад байгаль орчныг хамгаалах бүлэг байгуулсан. Ногоон хөгжлийг дэмжих хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, дагаж мөрдөж буй байдалд хяналт тавих, хэрэгжилтийг хангах зорилготой тус бүлэг нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих болно” хэмээв.


Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Цэрэнпунцаг нар байгаль орчны доройтлоос сэргийлэх, нэгэнт үүссэн нөхцөл байдлыг илааршуулах, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа зэрэг сэдвээр өөрсдийн байр суурийг илэрхийлж, санал солилцлоо.


Олон улсын байгаль хамгаалах бүлэг (ICCF) энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай юм байна.


Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар Цагаан ордны ҮАБЗ-ийн Энэтхэг, Номхон далайн асуудал хариуцсан орлогч Др.К.Кэмпбэллтэй уулзлаа. Уулзалтын үеэр ардчиллыг тууштай эрхэмлэж, хөгжүүлж байгаа Монгол Улстай хийх чөлөөт худалдаа, ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортын талаарх нэгэнт хэлэлцэн тохирсон асуудлыг идэвхжүүлж, бодит ажил хэрэг болгоход хоёр талаас хүчин чармайлт тавьж ажиллах шаардлагатай байгаа талаар хөндөж ярилцлаа.

Холбоотой мэдээ