Сүүлийн хоёр хоногт нүүрс тээврийн 660 автомашиныг хил нэвтрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-24 18:36:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилээр нүүрс тээврийн автомашиныг нэвтрүүлэх тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдсээр байна.


Тухайлбал, хоёр хоногийн өмнө Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор нүүрс тээврийн 345 машин, өчигдөр гэхэд 315 машиныг нэвтрүүлэв.

Засгийн газар болон УУХҮЯ-наас нүүрсний экспортын хэмжээг нэмэхээр хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг шуурхай хэрэгжүүлсний дүнд хоёр сарын хугацаанд Гашуунсухайт дахь чингэлэгт тээврийн терминалыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулж ашиглалтад оруулжээ.  


Дэлхий нийтэд нурмаг ачааг задгай тээвэрлэх нь эрс багасаж байна. Учир нь нүүрсийг задгай тээвэрлэснээс үүдэн байгаль орчин бохирдох, хоргодол үүсэх, чанар алдагдах зэрэг асуудал гардгийг УУХҮЯ мэдээллээ.


Хилийн боомтуудад нэмэлтээр чингэлэгт тээврийн терминал байгуулснаар боомтын үйл ажиллагаанд оролцох хүн хоорондын шууд харилцаа багасаж, нүүрс тээвэрлэлтээс үүдэлтэй байгальд учирч буй сөрөг нөлөөлөл багасахын зэрэгцээ нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх давуу талтай аж.

Холбоотой мэдээ