Армийн ДАШТ-ээс хос мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-26 01:41:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын нийслэлд 7 өдөр үргэлжилсэн Армийн боксын ДАШТ-ий алтан медалийн төлөөх тулаанууд өчигдөр болж, Монголын армиас гэр бүлийн хос хоёул мөнгөн медаль хүртлээ.


Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Т.Болортуул, Армийн дэлхийн аваргын төлөө ОХУ-ын гавьяат тамирчин Дарья Абрамоватай тулалдаж ялагдлаа. Тэрбээр хагас шигшээд Беларусийн Галина Бруевичтай тулалдаж, ялснаар мөнгөн медалийн болзлоо хангасан байна.



Дарья Абрамова 31 настай. 2012 оны ДАШТ-ий хүрэл медальтай бөгөөд 2008, 2016 оны Европын аварга, 2019 оны Европын наадмын хүрэл медальтай,ОХУ-ын 4 удаагийн /2015, 2016, 2018, 2020/ аварга тамирчин юм.


Армийн 2021 оны ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 56 кг-д ОУХМ Х.Энх-Амар алтан медалийн төлөө ОХУ-ын Овик Оганнисянтай тулалдаж шүүгчдийн саналаар 4:0-ээр ялагдал хүлээлээ.



Ийнхүү Армийн дэлхийн аваргын алтан медалийн төлөө гэргий Т.Болортуултай хамт Москвагийн ринг дээр хүчээ сорьж хоёул мөнгөн медальтай эх орондоо ирж байна.


Харин Х.Энх-Амарын дүү ОУХМ Х.Энхмандах Армийн ДАШТ-ий хүрэл медаль хүртсэнээр Монголын боксын түүхэнд нэг гэр бүлийн 3 хүн Армийн ДАШТ-ий медальтан болсон нь тун содон тохиолдол юм. 

Холбоотой мэдээ