Ахмадын зөвлөлийн дарга нартай уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-09-30 16:04:48

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой, Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа нар ахмадуудын төлөөлөлтэй уулзлаа.

Тодруулбал Дархан сумын 18 багийн ахмадын зөвлөлийн дарга нарыг хүлээн авч, цаг үеийн болон тухайн багуудын ахмадын өмнө тулгамдсан асуудал, 60 жилийн ойн асуудлаар санал солилцлоо.

Ахмадын зөвлөлийн дарга нар баг бүртээ хийсэн ажил, тулгамдсан асуудлаа аймаг сумын удирдлагуудад хэлж, шийдвэрлэх боломжтой ажлууддаа хариу авлаа. Тодруулбал “Ногоон Дархан” хөтөлбөрийн хүрээнд орчноо зүлэгжүүлэх, цэцэг, мод тарьж арчилж ургуулсан тохиолдолд 1мкв-ыг 5000 төгрөгөөр үнэлэн нийт тохижуулсан талбайд жил нэг удаа урамшуулал олгохоо аймгийн Засаг дарга илэрхийллээ.

Түүнчлэн “Ахмадын хөгжлийн төв”-ийг байгуулж ашиглалтад оруулсан, ахмадын хорооны байрыг засварлаж, тохижуулсан зэрэг эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд бодит ажлуудыг аймаг орон нутаг, УИХ-ын гишүүд хийж хэрэгжүүлсэнд ахмадууд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.

Цаашид орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд хяналт тавихад ахмадуудын төлөөллөөс оролцуулах саналыг ч гаргаж хамтран ажиллахыг хүслээ. Дархан-Уул аймгийн ахмадын хороо болон аймаг орон нутгийн удирдлагууд оны эхэнд хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ахмадын хөгжлийг дэмжих чиглэлээр тусгагдсан олон хөтөлбөр төслүүд ирэх онуудад үргэлжилнэ гэдгийг аймгийн Засаг дарга онцлохын зэрэгцээ ахмадын зөвлөлийн дарга нараас тавьсан санал бүрийг цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллана гэлээ.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 13800 мянга гаруй ахмад настан байдаг. Тэдгээр ахмадад төрийн үйл ажиллагаа шууд хүрэхээс гадна баг тус бүрийн ахмадын зөвлөлөөр дамжуулан нийгмийн асуудлыг шийдвэрлэх, өөр тулгамдсан асуудлаа зөвлөлөөрөө шийдэн дээд шатны байгууллагд саналаа хүргүүлэн ажиллаж байна.

 

 

Холбоотой мэдээ