Хотын ойн өдрөөр хүүхдийн галт тэрэг явж эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-09-30 18:40:38

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотын 60 жилийн ойн хүрээнд УБТЗ ХНН-ээс санаачлан “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд мини төмөр замын бүтээн байгуулалт хийж байгаа. Тэгвэл "Хүүхдийн төмөр зам"-д явах зүтгүүр, суудлын галт тэрэг ОХУ-д үйлдвэрлэгдэж Дархан хотод ирлээ.  

750 мм-ийн нарийн цариг бүхий хоёр км гаруй үргэлжлэх "Хүүхдийн төмөр зам"-ыг Дархан хотын ойн өдөр буюу 10 дугаар сарын 17-ноос өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Уг галт тэргийг ОХУ-ын “Камбарскийн завод”-д үйлдвэрлэсэн бөгөөд ТУ10 маркийн 230 морины хүчтэй зүтгүүр болон 34 хүний суудалтай хоёр зорчигчийн хэсэгтэй ажээ. 

Монгол Улсад анх удаа хийж буй уг бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн. 2.3 км-ийн урттай нарийн цариг бүхий төмөр замаас гадна өртөөний нэг барилга, галт тэрэг зогсох гурван зогсоолыг барьж байна. Цаашид төмөр замыг сургалтын төв болгож ашиглах бөгөөд ирээдүйн төмөр замчдад анхан шатны мэдлэг олгох, хүүхэд залуучуудыг амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгджээ.

Ташрамд, хүүхдийн төмөр зам анх тухайн үеийн ЗСБНХУ одоогийн ОХУ-д 1955 онд бий болжээ. Өдгөө Москва, Санкт- Петрбург, Новосибирск, Красноярск, Эрхүү зэрэг хотод паркийн хэлбэрээр хөгжсөн аж. 

 

Холбоотой мэдээ