Боловсролын салбарын шилдгүүдийг шагнаж урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-10-05 20:55:23

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монголын багш нарын 55 дахь өдрийн хүрээнд салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллан, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн багш, ажилчдыг шагнаж урамшууллаа.

Шагналыг аймаг болон салбарын удирдлага, ахмад багш нарын төлөөллүүд гардуулав. Боловсролын тэргүүний ажилтан, БШУЯ-ны жуух бичиг болон аймаг орон нутгийн нэрэмжит шагналаар 250 орчим багш шагнуулсан юм.


Тодруулбал, аймгийнШилдэг багш”-аар Баруун-Урт сумын нэгдүгээр сургуулийн газар зүйн багш С.Эрдэнэтуяа, Баруун-Урт сумын ЕБ-ын дөрөвдүгээр сургуулийн бага ангийн багш Ш.Өлзийсайхан, Баруун-Урт сумын хоёрдугаар цэцэрлэгийн багш О.Оюунцэцэг нар шалгарч, аймгийн Засаг даргын захирамжаар батламж, нэг сая төгрөгөөр шагнуулав.

Мөн ЭЕШ-д 10 хичээлийн дундаж оноогоор улсын дунджаас 8,1 хувиар дээгүүр шалгуулсан Т.Мажигсүрэн захиралтай Баяндэлгэр сумын ЕБС-ийн хамт олныг нэг сая төгрөгөөр, 10 хичээлийн дунджаар улсын дунджаас 6.4 хувиар дээгүүр шалгуулсан С.Батчулуун захиралтай Баруун-Урт сумын хоёрдугаар сургууль, Д.Баттулга захиралтай Баруун-Урт сумын дөрөвдүгээр сургуулийн хамт олныг тус бүр 800 мянган төгрөгөөр шагнав.

ЭЕШ-д 10-аас дээш сурагчдыг амжилттай бэлтгэсэн 13 багшийг аймгийн Засаг даргын захирамжаар тус бүр нэг зуун мянган төгрөгөөр шагналаа.

Ташрамд дуулгахад, тэртээ 1925 онд Мөнххаан суманд хоёр гэр, нэг багш, арваад сурагчтайгаар Сүхбаатар аймгийн анхны сургуулийг байгуулж байсан бол өдгөө 1700 гаруй багш ажилчид 16 сургуульд 13400 сурагч, 24 цэцэрлэгт 6000 гаруй хүүхдэд боловсрол эзэмшүүлж байна.

 

Холбоотой мэдээ