Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын чуулганд оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хуралд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийг төлөөлж өчигдөр үг хэллээ.
Барбадос Улсын Бриджтаун болон Швейцарын Холбооны Улсын Женев хотноо цахим болон танхимын хэлбэрээр энэ сарын 4-7-нд зохион байгуулж буй НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын 15 дугаар чуулган 3 дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Энэ удаагийн чуулганыг “Тэгш бус байдал, эмзэг байдлаас бүгдийг хамарсан хөгжил цэцэглэлт хүртэл” сэдвийн дор хийж, тус байгууллагын гишүүн 195 орны өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.
Чуулганы үеэр буюу энэ сарын 5-нд болсон Ерөнхий санал шүүмжлэлээр НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд ажилладаг бүс нутгийн бүлгүүд үг хэлсэн юм. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Далайд гарцгүй хөгжиж буй орнууд бүлгийг төлөөлж үг хэлэхдээ, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын 15 дугаар чуулган нь хямралыг даван туулах, уян хатан байдлыг бий болгох, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлого, арга хэмжээг хэлэлцэх боломжийг олгож байгааг тэмдэглэж, тус хэлэлцүүлэгт Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хэрэгцээг бүрэн тусгах шаардлагатайг онцлов. Мөн НҮБ-ын ХХБХ-наас үндсэн чиг үүргийнхээ хүрээнд буюу худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих, тээвэр, ложистик, бүтээмжийн чадавх, цахим худалдаа, худалдааны хэлэлцээр зэрэг асуудлаар ДГХБО-д үзүүлэх дэмжлэгээ өргөжүүлэхийг уриалсан юм.