Эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнууд тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-10-12 09:20:50

СТОКХОЛМ. /TASS/. Шведийн хааны шинжлэх ухааны академийн Нобелийн хороо энэ оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнуудыг зарлалаа. Альфред Нобелийн дурсгалд зориулсан Шведийн Төрийн банкны шагналыг Канад-Америкийн эдийн засагч Дэвид Кард, АНУ-ын судлаачид болох Жошуа Ангрист, Гуидо Имбенс нар хуваан хүртэхээр болжээ.


Дэвид Кардад энэхүү шагналыг "хөдөлмөрийн эдийн засагт туршлага дээр үндэслэсэн хувь нэмэр оруулсных нь" төлөө олгохоор болсон байна. Харин Ангрист, Имбенс нар "шалтгаан ба үр дагаврын харилцаанд дүн шинжилгээ хийхэд оруулсан хувь нэмрийнхээ төлөө" шагналыг хуваан хүртэж буй юм.


Энэ оны шагналтнууд хөдөлмөрийн зах зээлийн талаар шинэ үзэл бодлыг танилцуулж, эдийн засгийн үйл явцын шалтгаан, үр дагаврын талаар ямар дүгнэлт хийж болохыг туршилтаар харуулжээ. "Тэдний арга бусад чиглэлээр өргөжиж, туршлага дээр үндэслэсэн судалгаанд хувьсгал хийсэн" гэж Нобелийн хороо сонголтоо тайлбарлахдаа мэдэгдсэн байна.


Эрдэмтэд туршилтын тусламжтайгаар цагаачлал цалин хөлс, хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж буй байдал эсвэл тасралтгүй боловсрол эзэмшсэнээс ирээдүйн орлогод үзүүлэх нөлөө гэх мэт нийгмийн шинжлэх ухаанд маш чухал шалтгаан, үр дагаврыг илрүүлэх боломжтойг харуулжээ.


Өнгөрсөн онд эдийн засгийн салбарын шагналыг Америкийн эдийн засагчид болох Пол Милгром, Роберт Уилсон нар хүртсэн билээ. Тэдэнд “дуудлага худалдааны онолыг боловсронгуй болгосных нь төлөө” энэхүү шагналыг олгосон юм


Шведийн хааны Шинжлэх ухааны академи эдийн засгийн салбарын шагналыг жил бүр олгодог боловч энэ нь Альфред Нобелийн 1895 онд гэрээслэн үлдээсэн шагналуудад хамааралгүй юм. Энэ салбарын шагналыг Шведийн Төв банк 1895 онд бий болгожээ.  


Холбоотой мэдээ