“Book and coffee” чөлөөт уншлагын танхим нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн “Хүүхдийн номын ордон” нь 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл хүүхэд, багачуудыг номтой нөхөрлөх, соён гэгээрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа тасралтгүй явуулж ирсэн. Тус хамт олон энэ удаад хүүхэд, залуусдаа зориулан “Book and coffee” чөлөөт уншлагын танхимыг нээж байна.
Дархан хотын 60 жилийн ойг тохиолдуулан орчин
цагийн номын өргөөний уншигчид, тэдний хүсэлд нийцүүлэн тус танхимыг нээсэн гэж
Хүүхдийн номын ордны захирал Л.Мөнхбаатар онцолж байлаа. Тус ордон нь 18 жилийн
өмнө анх удаа орон нутагт нээгдэж үйл ажиллагаа эхлүүлж байсан, энэ удаад ч мөн
тус танхимыг 21 аймгаас анх удаа нээж байгаа нь онцлог юм. Чөлөөт цагаа үр
бүтээлтэй өнгөрүүлэх, ном унших, номтой нөхөрлөхөд зориулж шинэ номын үзэсгэлэнг энэ үеэр
дэлгэлээ.
Түүнчлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс дотоод нөөц боломж болон хандив, төслийн хүрээнд засвар үйлчилгээ ч хийжээ. Тодруулбал Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр танхимын ширээ сандал, тавилга худалдан авсан бол байгууллагын урсгал үйл ажиллагааны санхүүжилт, бусад хандив тусламжаар засвар, тохижилтыг хийсэн аж. Нэг удаад 16 хүүхэд үйчлүүлэх бөгөөд тохилог орчинд цай, кофе уун ном унших боломжтой ажээ. Номын ордны сан хөмрөгийг нэмэгдүүлэх үүднээс аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс арван сая төгрөгийн 577 нэр төрлийн 826 боть ном худалдан авчээ.
Мөн жил бүр тэргүүний уншигч анги, хамт олон, хүүхэд багачуудыг алдаршуулж Д.Нацагдорж тэмдгээр шагнан урамшуулдаг. Энэ удаад Улсын тэргүүний Од цогцолбор сургуулийн Ц.Биндэръяа багштай 5-2 ангийг “Оюунлаг хамт олон” –оор тодруулан “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн”-ээр шагналаа.
Хүүхэд, өсвөр үеийг номтой нөхөрлөх,
номын орчныг илүү өргөн хүрээнд дэмжих, хөгжүүлэх үйлсэд манлайлан, бие даан
суралцах, өөрийгөө хөгжүүлэн танин мэдэх их үйлсийг нь үнэлж ийнхүү
алдаршуулдаг ажээ







