Бээжин хотын иргэдийг коронавирусний вакцины 3 дахь тунд хамруулна

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-10-20 23:05:38

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын иргэдийг коронавирусний вакцины 3 дахь тунгаар дархлаажуулахаар шийдвэрлэлээ.

    Тус улсын Төрийн зөвлөлийн холбогдох алба коронавирусний хоёр тун вакцинд хамрагдаад зургаан сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш насны иргэдэд вакцины 3 дахь тунг хийх шаардлагатай гэж үзжээ. Эхний ээлжинд 3 дахь тунг халдвар авах өндөр эрсдэлтэй бүлгийн иргэд буюу хил, боомт, гааль, хууль сахиулах, онцгой байдлын алба, тээвэр ложистикийн байгууллагын ажилтнуудыг хамруулах юм. Мөн боловсрол, үйлчилгээ, аж үйлдвэрийн салбарын ажилтнууд болон 60-аас дээш насны ахмадуудыг эхний ээлжинд вакцинжуулна. Түүнээс гадна бүх нийтийн арга хэмжээнд оролцох буюу Бээжингийн өвлийн олимп, пара олимпоор ажиллах иргэдийг ч дархлаа сэргээх тунд хамруулах аж.

    Нэмэлт 3 дахь тунг дотоодынхоо Sinopharma, Sinovac, Cansino вакцинаар тарих юм байна.

    Тус улсын Үндэсний Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, 9-р сарын 18-ны өдрийн байдлаар эх газрын Хятадад 1.1 тэрбум хүн вакцинд хамрагдсан ба үүнээс 1 тэрбум нь вакцины хоёр тунд хамрагджээ.

    Ташрамд дурдахад, Хятадын зарим муж өнгөрсөн сараас вакцины нэмэлт 3 дахь тунг хийж эхэлжээ. Тухайлбал, Жөзянь, Анхуй, Фүзянь, Хэнань, Хар мөрөн, Хубэй зэрэг 10 гаруй муж байгаа юм.   

Холбоотой мэдээ