З.Мэндсайхан: Дотоодын нийлүүлэлт багасаж буй тул он дуустал мах экспортлохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-27 14:31:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгахад хэрэгжүүлэх бодлогын талаар дараах шийдвэрийг гаргасан тухай ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэв. 


- Цар тахлын нөхцөл байдал, дотоодод гарч байгаа малын өвчлөлтэй холбоотойгоор махны нийлүүлэлт багасаж байна. Тиймээс энэ оныг дуустал махны экспортыг хязгаарлах шийдвэр гаргав. 


- Энэ жил урьдчилсан балансаар 540 мянган тонн үр тариа хурааж авахаар төлөвлөсөн. Ургац хураалт 480 мянган тонн буюу 80 гаруй хувьтай байна. Засгийн газраас гурилын үнийг тогтвортой байлгах, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг тогтвортой байлгах чиглэлд хоёр арга хэмжээ авахаар болсныг сайд З.Мэндсайхан танилцуулав. Тодруулбал, улаанбуудайн тариалалт энэ жил нэмэгдсэнтэй холбогдуулан гурилын үйлдвэрт илүү гарсан 100-150 мянган тонн стандарт хангасан улаанбуудайг Засгийн газар худалдан авахаар болов. Мөн гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ ханш тогтвортой байлгах чиглэлд тодорхой эх үүсвэрийг шийдвэрлэх асуудлыг судлах үүргийг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр үүрэг болгов. 


-Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох ургамлын тос дэлхийн зах зээл дээр өнгөрсөн оны мөн үеэс 60 хувийн үнийн өсөлттэй байна. Тиймээс ХХААХҮЯ-наас ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ургамлын тос үйлдвэрлэгчийг борлуулалтын НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэв. 


-Цагаан будаа, элсэн чихрийг импортлоход үүсээд буй тээврийн асуудлыг ГХЯ, ЗТХЯ хамтран шийдвэрлэх үүрэг өгөв. Монгол Улсаас захиалаад, импортлоход бэлэн болсон 190 вагон хүнсний бүтээгдэхүүн хил дээр гацаад байгаа юм. БНХАУ-ын талаас урьдчилсан байдлаар, 11 дүгээр сарын 1-нээс зөвхөн хүнсний бүтээгдэхүүн ачсан 30 вагоныг хил нэвтрүүлэх боломжтойг илэрхийлээд байна. 


-Нарийн ногооны импорт Эрээн хотын боомт хаагдсантай холбогдуулан тасалдах эрсдэл үүссэн. Учир нь Эрээн хотын нарийн ногоо нийлүүлдэг ложистикийн компани зөвхөн Эрээнхотын хүнсний хэрэгцээг хангахаа зарласан. Иймд, Эрээн хотоос цаана байх Шандунь зэрэг мужын төмөр замын өртөөнөөс Замын-Үүд хүртэл хүнс тээвэрлэх боломжийг судалж байна. Ингэхдээ, хурдан муудах бүтээгдэхүүнийг тээвэрлэх зориулалтын вагоныг бэлтгэх шаардлагатай байгаа юм. Уг асуудлыг шийдэж БНХАУ-аас нарийн ногоо, хүнсний бүтээгдэхүүн татах шийдвэрийг яаралтай гаргах чиглэлийг баасан гарагт танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт үүрэг болгов.

Холбоотой мэдээ