С.Бямбацогт: УИХ-ын гишүүн ТББ-ын удирдах албан тушаалд ажиллах нь ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-10-28 15:13:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


УИХ-аас 2020 оны тавдугаар сарын 7-нд баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлд УИХ-ын гишүүний хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаалыг заасан. Ингэхдээ УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын сонгуульт албан тушаал, багшлах болон эрдэм шинжилгээний ажил эрхлэх, төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал эрхэлж болох зохицуулжээ.


Түүнчлэн УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д УИХ-ын гишүүн нь УИХ-ын дарга, дэд дарга, байнгын, дэд, түр хорооны даргын албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх" эрхтэй хэмээн заасан. Ингэснээр УИХ-ын гишүүн Олон Улсын Парламентын Холбоо, Олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд олон улсын байгууллага, төрөлжсөн байгууллагын сонгуульт ажилд сонгогдох нөхцөлийг хаажээ. Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлэх, өөрийн орны болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын парламентын бодлогыг олон улсын байгууллага болон төрөлжсөн байгууллагын бодлого, шийдвэрт тусгуулахын тулд УИХ-ын гишүүний хувиар тухайн байгууллагын сонгуульт албан тушаалд сонгогдох нь чухал байдаг. Иймд УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулан, дээрх нөхцлийг бүрдүүлэхээр тусгажээ.


Хуулийн төслийг хэлэлцэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын гишүүн нутгийн зөвлөлөөс эхлээд спортын холбоод зэрэг ТББ-ын удирдах албан тушаалд ажиллахдаа ашиг сонирхлын зөрчил гаргах холбогдох асуудал үүсдэг. Тиймээс УИХ-ын гишшн ТББ-ын удирдах албан тушаалд ажиллахыг хориглосон байсан ч заалтыг өнгөрсөн онд баталсан хуулиар хассан. Үүнийг УИХ-ын тухай хууль тусгах эсхүл УИХ-ын гишүүны Ёс зүйн дүрэмд тусгах нь зөв” гэлээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог ирэх долоо хоногт хуралдаж, Ёс зүйн дүрмийг хэлэлцэхийг чиглэл болголоо. Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ