Глазгод олон арван мянган хүн жагсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-11-07 15:11:28

ЛОНДОН. /France24/. Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь конвенцид оролцогч талуудын 26 дугаар бага хурал /COP26/ үргэлжилж байгаатай холбогдуулан уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх чиглэлд илүү дорвитой шийдвэр гаргахыг уриалсан олон арван мянган хүн Шотландын Глазго хотод бямба гарагт жагсжээ.


Мөн чулуужсан түлшийн хэрэглээг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг хэдийнээ амсаж эхэлсэн бүс нутгууд, тэр дундаа ядуу буурай орнуудад нэн даруй тусламж дэмжлэг үзүүлэхийг шаардсан олон арван үйл ажиллагаа дэлхий даяар өрнөх төлөвтэй байна.


Глазгод бямба гарагт 50 мянга орчим хүн жагсаалд оролцох төлөвтэй байгаа талаар цагдаа нар урьд нь мэдээлээд байсан ч зохион байгуулагчдын зүгээс 100 мянга гаруй хүн оролцсон гэдгийг мэдэгджээ. Тэд “COP26” чуулган болж буй газрын ойролцоо, мөн хотын төвөөр жагссан байна.


Маршаллын арлуудын байгаль хамгаалагч идэвхтэн Кэти Жетнил-Кижинерийн хувьд, хорт хий хамгийн ихээр ялгаруулагч орнууд хариуцлагаа хүлээх хэрэгтэй байгааг онцлон тэмдэглээд, энэ хямрал нүүрлэхэд бидний буруу байгаагүй учир үр дагаврыг нь үүрэх ёсгүй гэжээ.


Парисын хэлэлцээрээр дэвшүүлсэн дэлхийн дулаарлыг 1.5-2 хэмд тогтоох барих зорилгод хэрхэн хүрэх талаар хэлэлцэхээр Глазго хотноо дэлхийн 200 орчим орны төлөөлөгчид хуран цуглараад буй юм. Бага хурлын эхний долоо хоногт улс орнууд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах үүрэг амлалтаа ахиулж, нүүрсний хэрэглээнээс үе шаттайгаар татгалзах, чулуужсан түлшний санхүүжилтийг зогсоох, метаны хийн ялгарлыг бууруулах зэрэг тохиролцоонд хүрсэн юм. Гэвч олон томоохон асуудал шийдлээ хүлээсээр байгаа тул ийнхүү жагсаж байгаагаа идэвхтнүүд ярьжээ. 

Холбоотой мэдээ