Б.Батцэцэг: Дипломат паспортыг хадгалж, ашиглалтад нь хяналт тавьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-23 15:11:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг өнгөрсөн онд шинэчлэн баталсан билээ. Тус журмын хэрэгжилтийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа. 


Шинэчилсэн журмын хүрээнд албан болон дипломат паспорт эзэмшигчид хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, шалгуурыг өндөрсгөжээ. Мөн төрийн албан хаагчдын албан болон дипломат паспортуудыг хадгалж, ашиглалтад хяналт тавих чиг үүргийг ГХЯ хэрэгжүүлж байгааг ГХ-ны сайд Б.Батцэцэг тодотгов. Өөрөөр хэлбэл, албан болон ажлын шугамаар гадаадад зорчих бол дипломат паспорт эзэмшиж буй төрийн албан хаагч томилолтоор ажиллах тухайгаа харьяа байгууллагаараа дамжуулан хүсэлт гаргана. Тус хүсэлтэд үндэслэж ГХЯ-наас албан болон дипломат паспортыг түр олгохоор журамд тусгасан байна. 


Тухайн паспортыг эзэмшигч төрийн албан хаагч томилолтоор яваа тухай нотлох баримтыг Монгол Улс болон гадаадын хилийн боомтуудад шалгуулах бөгөөд Монгол Улсын хилээр нэвтэрсэн даруй паспортоо хилийн боомтод хураалгах юм. Улмаар хураасан паспортыг ГХЯ-нд хүргүүлэх юм байна. 


Хэрэв хилийн боомтод паспортыг хураалгахаас татгалзсан тохиолдолд дахин албан болон дипломат паспорт олгохгүй байхаар журамд заажээ. Өнөөдрийн байдлаар, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, эсхүл өөр албанд шилжсэн 806 төрийн албан хаагчийн дипломат паспортыг хүчингүй болгож Эрүүгийн цагдаагийн албаны цахим мэдээллийн санд холбогдох мэдээллийг хүргүүлжээ. Иймд хүчингүй болсон паспорттой эсэхээ www.consul.mn цахим хуудсаар нэвтэрч шалгахыг ГХ-ны сайд Б.Батцэцэг зөвлөлөө.

Холбоотой мэдээ