Ч.Энхмөнх аймгийн хурц арслан цол хүртлээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-11-26 20:59:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн цол, чимэг олгох хүчит 128 бөхийн барилдаан болж, Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, Жавхлант бөхийн дэвжээ, Одкон холдинг ХХК-ийн бөх, аймгийн арслан Ч.Энхмөнх түрүүлж, аймгийн хурц арслан цол хүртлээ.

Уулбаян сумын харьяат, аймгийн харцага Б.Бадамдорж үзүүрлэж, аймгийн заан цолны, Онгон сумын харьяат сумын заан Ж.Нэргүй тав давж аймгийн начин цолны болзол хангав.

Ардын хувьсгалын 100 жил, аймаг байгуулагдсаны 79 жилийн ой, Монгол Улс анхдугаар шинэ үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах улсаа тунхагласны 97 жилийн ойн өдрийн хүрээнд дээрх барилдааныг зохион байгууллаа. Ингэхдээ аймгийн Онцгой комиссоос гаргасан чиглэлийн дагуу халдвараас урьдчилан сэргийлэх хоёр тун болон нэмэлт тунд хамрагдсан иргэдийг түргэвчилсэн шинжилгээний хариунд үндэслэн үзэгчээр дотогш нэвтрүүлжээ. 

Холбоотой мэдээ