Нидерландад “омикрон”-оор халдварласан тохиолдол эрт бүртгэгдсэнийг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-12-01 17:32:02

АМСТЕРДАМ. /BBC/. Нидерландад “COVID-19”-ийн шинэ хувилбар болох “омикрон” 11 дүгээр сарын 19-23-нд цуглуулсан хоёр сорьцоос илэрчээ. Энэ нь Өмнөд Африк шинэ хувилбарын талаар олон улсад анх мэдээлснээс эрт гэсэн үг юм.


“Омикрон” хувилбар илэрсэн хүмүүс Африкийн өмнөд хэсгийн орнуудад зорчсон эсэх нь одоогоор тодорхойгүй байна.


Өмнө нь Өмнөд Африкаас ням гарагт хоёр нислэгээр ирсэн зорчигчдын дундаас илэрсэн тохиолдлуудыг Нидерландад бүртгэгдсэн анхны тохиолдолд тооцож байсан юм. Тодруулбал, нийслэл Амстердам хотод тэдгээр нислэгээр ирсэн зорчигчдын 61 нь коронавирусээр халдварласан байсан бөгөөд 14-өөс нь “омикрон” хувилбар илэрчээ.


Нидерландад урьд нь цуглуулсан сорьцуудаас ийнхүү шинэ хувилбар илэрсэн нь тус улсад бүртгэгдсэн анхны тохиолдлуудаас эрт хэдий ч Өмнөд Африкт анх илэрснээс хойш байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Өмнөд Африкт 11 дүгээр сарын 9-нд цуглуулсан сорьцоос анх “омикрон” хувилбар илэрсэн байна.


Урьдчилсан мэдээллээс үзэхэд, “омикрон” хувилбар нь “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүсийн дахин халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байгаа юм. Гэхдээ шинэ хувилбар вакцинуудын үр дүнд хэрхэн нөлөөлөхийг тогтооход гурван долоо хоног орчмын хугацаа шаардлагатай гэдгийг судлаачид хэлж байна. 

Холбоотой мэдээ