Ж.Ганбаатар: Хөрөнгө оруулагчдыг дэмжиж, чөлөөт бүсэд газар эзэмшүүлэхгүй болгосон

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-02 15:07:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 


Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Байнгын  хороо өнгөрсөн сарын 30-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хуулийн төслийн нэр томьёог жигдлэх, хуулийн дагаж мөрдөх хугацааг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэхээр санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.


Б.Баттөмөр гишүүний танилцуулсан дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Х.Баделхан, Д.Өнөрболор, Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан, Э.Батшугар, Б.Энх-Амгалан, Ж.Ганбаатар, О.Цогтгэрэл, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Байнгын хорооны дарга, ажлын багийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав.


Гишүүд чөлөөт бүсийн ажил энэ олон жилийн хугацаанд идэвхгүй байсны шалтгааныг лавлаж, чөлөөт бүсийн эрх зүйн орчныг нэгтгэн дүгнэж, шинэчлэн сайжруулах шаардлага бий гэдэг саналыг хэлж байв. Түүнчлэн хэлэлцэж буй төслийн хүрээнд боомтын дэглэмийг зурвас болгон өөрчилж, газар эзэмшүүлэхгүй байх зохицуулалтай болгож буй шалтгааныг тодруулсан. Чөлөөт бүсийн хөгжлийн концепц талаасаа ашиглуулах нөхцөлөөр хөрөнгө оруулалтыг татах боломжгүй хэмээн үзэж буйгаа Д.Өнөрболор гишүүн хэлээд энэ талаарх төлөвлөгөө, төлөвлөлтийг ажлын хэсгээс тодруулсан. Чөлөөт бүсэд газрыг эзэмшүүлэхээр тухайн газрыг эзэмшиж буй компаниуд газраа бусдад шилжүүлэхдээ компани болон газраа хамтад нь шилжүүлж байгаа асуудал үүсдэг байна. Түүнчлэн үйл ажиллагаа явуулахгүй, дундаас нь ашиг олох зорилгоор чөлөөт бүсэд газар эзэмших асуудлыг таслан зогсоох зорилгоор дээрх зохицуулалтыг хийсэн гэв. Иймд газрыг эзэмшихгүйгээр, ашиглах нөхцөлтэй болгосон нь одоо байгаа нөхцөлийг сайжруулах зорилготой, хөрөнгө оруулагчдад дэмжлэг болохуйц зохицуулалт гэдэг тайлбарыг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлсэн.


Дэлхийн эдийн засгийн хүндийн төв шилжиж байгаа энэ цаг үед Монгол Улс газар зүйн байрлалаа ашиглан,  хуурай боомтыг хөгжүүлэх боломж бий гэдгийг Д.Өнөрболор гишүүн тэмдэглэж, холбогдох талууд энэ чиглэлд ямар бодлого баримталж байгаа талаар асууж, хариулт авав. Засгийн газраас энэ чиглэлд холбогдох тооцоо, судалгаа хийж байгаа гэдгийг Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хариулт өгөв. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчдын гадаадаас оруулж ирэх ажиллах хүчин квот тогтоох нь оновчгүй гэдэг байр суурийг Б.Дэлгэрсайхан гишүүн хэлсэн.


Э.Батшугар гишүүн чөлөөт бүсүүдэд эдийн засгийн кластеруудыг хөгжүүлэх, технологийн компаниудыг татах бололцоо байгаагаа ашиглахгүй, дэд бүтцийг нь бий болгохгүй байгааг шүүмжиллээ. Мөн чөлөөт бүсүүдэд банкуудын үйл ажиллагаа явуулж, үр ашгийг нь дотоодын эдийн засагтаа татах боломжууд байгааг ашиглахгүй байгааг лавлаж, ажлын багаас хариулт авсан юм. Технологийн компаниудыг Монгол Улс дахь чөлөөт бүс рүү татахын өмнө эрчим хүчний найдвартай, хараат бус хангамжтай болгох тэргүүтэй дэд бүтцийг бий болгох нь нэн чухал гэдгийг ажлын хэсгээс тайлбарлаад, Дөргөний усан цахилгаан станц, ОХУ-аас авч буй импортын эрчим хүч, мөн удахгүй ашиглалтад орох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад түшиглээд Цагааннуур чөлөөт бүс нь энэ чиглэлээр хөгжүүлэхэд нэн тохиромжтой гэв. Түүнчлэн байгаль цаг уурын нөхцөл болон газар зүйн байршлын хувьд нэн тохиромжтой гэдэг байрыг хэллээ. Алтанбулаг боомтын хувьд эрчим хүчний дэд бүтцээс үүдэн ямар нэг үйлдвэрлэл явуулах боломжгүй гэдгийг хэллээ. Ийнхүү гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ