В.Путин, Ж.Байден нар цахимаар уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-12-05 09:48:25

ВАШИНГТОН. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден нар энэ сарын 7-ны өдөр буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт цахимаар уулзана гэдгийг Цагаан ордон бямба гарагт батлан мэдэгдлээ.


“Ерөнхийлөгч Ж.Байден ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинтэй 12 дугаар сарын 7-нд цахимаар уулзана. Хоёр орны удирдагчид АНУ-ОХУ-ын харилцаа, стратегийн тогтвортой байдал, кибер орон зай, бүс нутгийн асуудлууд зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвээр хэлэлцэнэ” гэж Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ.


Мөн Ж.Байден Украины хилийн ойролцоо явуулж байгаа ОХУ-ын цэргийн ажиллагаанд санаа зовниж буй улсынхаа байр суурийг илэрхийлэхийн сацуу АНУ Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж буйгаа дахин нотолно гэдгийг Ж.Псаки цохон тэмдэглэсэн байна.


Баасан гарагт ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хоёр орны төрийн тэргүүн нар цахим уулзалтынхаа үеэр хоёр талын харилцаа хийгээд Афганистан, Иран, Украин, Ливи, Сири тэргүүтэй олон улсын тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулна гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ талууд стратегийн тогтвортой байдлын асуудлаарх яриа хэлэлцээнд гарч буй ахиц дэвшлийн талаар, мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн орны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ОХУ-ын санаачилгыг хэрэгжүүлэх асуудлыг хөндөх төлөвтэй байна гэж тэрбээр нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ