Ротовирусний халдвар их байгааг анхаарууллаа

ОРОН НУТАГТ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-12-07 20:06:46
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. БОЭТ-ийн захирал Ц.Наран-Эрдэнэ  сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тус төвийн Хүүхдийн эмнэлэг-ийг коронавирусний нөхцөл байдлаас шалтгаалан халдвар авсан хүмүүсийг эмчлэх зориулалтаар ашиглаж байсан бол өнөөдрөөс хэвийн горимд нь шилжүүллээ. Ингэхдээ стандартын дагуу гурван үе шаттайгаар ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ.

Мөн сүүлийн үед томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж өнгөрсөн оны 12 дугаар сартай харьцуулахад 12.3 хувиар нэмэгдсэн бөгөөд нийт тохиолдлын 64.9 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Ялангуяа дөрөв хүртэлх насны хүүхдүүд энэ жил томуу томуу төст өвчин нь гэдэсний суулгалт буюу ротовирусний халдвартай хавсарч байгааг хэлж байлаа.

Ротовирусний халдвар авсан үед хүүхэд бөөлжих, усархаг зүйлээр суулгах, халуурах шинж тэмдэг илэрдэг. Халдвараас сэргийлэхийн тулд гараа зааврын дагуу тогтмол зөв угаах, гэр бүлдээ хувийн ариун цэвэр сайн сахих шаардлагатай байдаг аж. Тус вирус нь гадаад орчинд 9-19 хоног амьдрах чадвартай,  бохир гар, амьсгалаар дамжин халдварладаг. ДЭМБ-аас манай орныг ротавирусний вакциныг товлолт дархлаажуулалтад оруулахыг зөвлөж байгаа аж.

2020 оны байдлаар дэлхийн 80 орчим улсад ротавирусний вакциныг товлолт вакцин болгож насан туршийн дархлаатай болгож байгаа гэлээ. Ротавирус нь улирал харгалзахгүй идэвхтэй халдварладаг бөгөөд есдүгээр сараас нэгдүгээр  сар хүртэл  идэвхждэг байна.  

 

Холбоотой мэдээ