Монгол Улс, Япон Улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн лого бэлэн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dusem11@yahoo.com
2021-12-11 11:29:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Япон Улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн лого тэмдгийг шалгаруулах уралдаанд нийт 143 иргэн бүтээл ирүүлснээс Монгол Улсын иргэн Б.Балдоржийн зохиосон загвар лого сонгон шалгаруулах хоёр талын хорооны гишүүдийн саналаар тэргүүн байр эзлэв.


Зохиогч цагаан дэвсгэр дээр цэнхэр өнгөөр тодотгон ​​бичсэн “50”-ын тооны дунд хоёр орны төрийн далбааг “хязгааргүй” дүрсээр илэрхийлсэн нь хоёр улсын өнгөрсөн, одоо, ирээдүйд үл тасран үргэлжлэх найрамдалт харилцааг бэлгэдэхийн сацуу ирэх 50 жил энэхүү харилцаа мөнх хөх тэнгэр мэт өргөжин хөгжих хүслийг шингээжээ.


Уралдааны дэд байрт Япон Улсын Канагава мужийн иргэн Таширо Аянэ, тусгай байрт Ишикава мужийн иргэн Мацүмото Рэна, Мүрозүка Момока нарын бүтээл тус тус шалгарав.


Лого-г 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаа, хөтөлбөрт ашиглах бөгөөд арга хэмжээний зөвшөөрөл авах, бүртгүүлэх журмыг мөрдөх юм. 

Холбоотой мэдээ