Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод оролцогч талуудын 9 дүгээр чуулганд оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 11-17-нд НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Египетийн Шарм-эль-Шейх хотод зохион байгуулж буй олон улсын хуралд оролцож байна.
АТГ нь НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт
хэрэгтэй тэмцэх албаны “Торгоны замын эдийн засгийн бүс дагасан улсуудад
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг хангах замаар тогтвортой хөгжлийг
бий болгох нь” төслийн хүрээнд байгуулагдсан Авлигын эсрэг сүлжээний гишүүн юм.
Тус төслийн албан ёсны нээлтийн хурал энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Шарм-эль
Шейх хотод болов. Байгууллагын төлөөлөгчид тус Бүгд хурлын үеэр
гадаадын хөрөнгө оруулалттай дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд
тулгардаг авлигын асуудал, эрх зүйн орчин, шийдвэрлэх арга замуудын талаар
өөрийн улсын туршлагаас хуваалцлаа.
Төлөөлөгчид энэ сарын 13-17-нд мөн хотноо
зохион байгуулж буй Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод оролцогч талуудын 9
дүгээр чуулганд оролцож байна. Өмнөх хурлаас баталсны дагуу тус чуулганы үеэр
конвенцын хэрэгжилтийн явц, хөрөнгө буцаах, олон улсын хамтын ажиллагаа,
авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, техникийн хамтын ажиллагааны асуудлыг
хэлэлцэж байна. Хоёр жил тутам зохион байгуулагддаг уг хурал нь Авлигын эсрэг
НҮБ-ын конвенцод оролцогч талуудын өндөр түвшний төлөөлөгч нар оролцож,
конвенцын хэрэгжилт, үр дүн, цаашид анхаарах асуудлууд болон авлигын эсрэг
олон талт хамтын ажиллагааны талаар хэлэлцдэг чухал арга хэмжээ юм.